Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Б.Батбаатар амралтын өдрүүдэд Сэлэнгэ аймгийн хэмжээнд гарсан түймрийн бүс нутгуудад ажиллаж газар дээр нь нөхцөл байдалтай танилцлаа. Сэлэнгэ аймгийн хэмжээнд тэр дундаа ойн сан бүхий сумд болох Ерөө, Хүдэр, Алтанбулаг, Мандал сумдад сүүлийн тав хоногийн дотор есөн удаагийн түймэр бүртгэгдээд байсныг онцгой байдлын алба хаагчид, аюулгүй болгоод байна.
Улсын хэмжээнд он гарснаас хойш 143 удаагийн ой хээрийн түймэр бүртгэгджээ. Үүнээс 42 нь буюу 30 гаруй хувь нь ойн сан бүхий нутаг дэвсгэр болох Сэлэнгэ аймгийн нутаг дэвсгэрт гарсан байна. Хамгийн хохирол ихтэй, хүн хүч шаардсан түймэр Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын Доргонотолгой гэдэг газар гараад байсныг цурманд оруулаад байна.
Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын нутаг, Тужийн Нарс орчимд гарсан түймрийг онцгой байдлын 140 алба хаагч, байгаль орчны салбарын 57 албан хаагч нийт 24 техник хэрэгсэлтэйгээр 2025 оны 6-р сарын 22-ны өдрөөс хойш 7 хоногийн турш тасралтгүй хүчин зүтгэж цурманд оруулж бүрэн аюулгүй болгохоор үргэлжлүүлэн ажиллаж байна. Одоогоор тужийн нарсан ой орчимд гарсан түйрийн хохирлыг тогтоогоогүй бөгөөд хуурайшлын зэрэг өндөр учраас амаргүй нөхцөлд ажиллаж хяналтдаа авсныг онцгой байдлын удирдлагууд Б.Батбаатар сайдад дуулгалаа.
Улсын хэмжээнд сүүлийн 5 хоногийн хугацаанд Сэлэнгэ, Булган, Дорнод, Дархан-Уул, Төв аймагт нийт 22 удаагийн ой, хээрийн гал түймэр бүртгэгдснээс 12 түймрийг бүрэн унтраагаад байна. Харин Өнөөдрийн 11:00 цагийн байдлаар Хэнтий аймгийн Өмнөдэлгэр, Дархан-Уул аймгийн Хонгор, Сэлэнгэ аймгийн Ерөө болон Хүдэр суманд 2, Алтанбулаг суманд гарсан нийт 7 ой, хээрийн гал түймрийг цурамд оруулсан бол Төв аймгийн Эрдэнэ, Сэлэнгэ аймгийн Мандал, Алтанбулаг, Хүдэр суманд гарсан 4 түймрийг унтраах ажиллагаа үргэлжилж байна. Онцгой байдал болон бусад холбогдох албаны 858 хүн, 128 автомашинтайгаар түймэр унтраах ажилд оролцож байна.