
Хамгаалах гэдэг үг хүн бүрд өөр. Заримд нь өөрийгөө, заримд нь нэр төр, ирээдүй, гэр бүлээ. Харин тэр хүүгийн хувьд хамгаалах ёстой цорын ганц зүйл ээж нь байв. Тэр айсан ч зогсоогүй, ухраагүй. Зүгээр л хамгаалсан.
Хүүгийн ээж өглөө бүрийн нарыг, орой бүрийн харанхуйг ганцаар сөрдөг байлаа. Хоёр ажил зэрэг хийж, хүүгийнхээ ирээдүйд итгэж, зүтгэсээр ирсэн ээж нь хүүгийн нүдэнд гэрэлтэй, хүчтэй эмэгтэй байсан. Гэвч сүүлийн саруудад бүх зүйл өөрчлөгдсөн. Гэрт нь шинэ хүн орж ирсэн. Хойд эцэг... Эхэндээ эелдэг, найрсаг нэгэн байсан ч удалгүй согтуу ирэх нь олширч, ээжийг нь доромжилж, сүүлдээ гар хүрч эхэлсэн. Хүүгийн хувьд энэ бол тэвчихийн аргагүй зовлон байв. Хамгаас хайртай хүнийхээ нүднээс инээмсэглэл аниргүйгээр арилж буйг харах шиг хэцүү зүйл үгүй.
Тэр орой бүх зүйл хэтэрсэн. Хойд эцэг архины үнэр сэнхийлгэн гэрт орж ирэнгүүтээ ээжийг нь түлхэж, газарт унагасан. Ээж нь амьсгаа давчдан, хөдөлж ч чадахгүй хэвтэж байхад хүү юу ч бодолгүй, өөрийн мэдэлгүй хөдөлсөн.
Түүний жижиг бие, турьхан гаранд агуу их хүч байгаагүй. Харин хайр, уур, айдас гурав түүнийг хөдөлгөсөн. Ээжийгээ хамгаалах ёстой гэсэн ганц л мэдрэмж түүний бүх биеийг удирдаж байв.
Хуулийн өмнө үнэнээ хүлээсэн хүү
Хүү шүүхийн танхимд зогсож байв. Гараа дуулгавартай эвхээд, анх удаа тийм олон том хүний дунд, өмгөөлөгч, прокурор, шүүгчдийн өмнө ганцаараа зогссон нь энэ. Тэр буруугаа хүлээн зөвшөөрсөн. Үйлдсэн хэрэг нь хууль зөрчсөн гэдгийг мэдсэн. Бусдын амь насанд ноцтой хохирол учруулсан нь ч үнэн байв. Шүүх ч шийтгэлээ оноосон. Энэ бол шүүхийн алдаа биш, харин хүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн шийдвэр байв. Харин өнөөдрийн гол асуулт шийтгэлээ хүлээгээд, амьдралаа үргэлжлүүлэхийг зорьж байгаа энэ хүүг нийгэм хүлээн авч чадаж байна уу? гэдэгт оршиж байна.
Монгол Улсын Эрүүгийн хуулийн 29.1-д өөрийгөө эсвэл бусдыг хамгаалах зорилгоор хийсэн үйлдэл гэмт хэрэгт тооцогдохгүй нөхцөлтэй ч, энэ хүүгийн хувьд гэмтэл хэт хүнд байсан тул хамаарах боломжгүй байв.
Өмгөөлөгч Б.Намуун: “Тухайн хүүхдийн нас, гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн байдал, сэтгэл зүйн нөхцөл байдлыг үнэлж, нийгэмд буцаж нэгтгэгдэх боломжийг нь нээлттэй орхих нь хамгаас чухал. Хуулийн шийтгэл нь алдааг тогтоодог, харин нийгмийн хандлага нь өөрчлөлтийг нээдэг байх ёстой.” гэсэн байр суурийг илэрхийлж байна.

E-Mongolia амьдралын хориг болсоор
Хүү одоо их сургуульд сурдаг. Хуульч болохыг мөрөөддөг. Гэвч ажилд орох бүрд, анкет бөглөх болгонд “E-Mongolia” дээрх гурван үг “ял эдэлж байсан” гэх тодорхойлолт түүний өмнө босоо хана мэт тулгардаг.
Түүний мөрөөдөл зөвхөн өөрийнхөө төлөө бус, өөр шиг нь хүүхдүүдэд итгэж болдог хуулийн төлөө зүтгэх. Гэтэл энэ мөрөөдөл цахим шошгоны сүүдэрт дарагдах эрсдэлтэй хэвээр байна.
“Би хуульч болчихвол, над шиг хүүхдүүдэд үнэхээр итгэж болдог хуулийг бий болгоход оролцмоор байна. Алдаа гаргасан ч засарч чаддаг хүмүүст боломж гэж байдаг юм гэдгийг харуулахыг хүсэж байна.” хэмээн хүү санаашрангуй өгүүлсэн юм.
Кристина Ноблийн Хүүхдийн Сангийн “Өсвөр насныхны хөгжлийн хөтөлбөр”-т хамрагдаж буй 183 хүүхдээс авсан дотоод судалгаагаар Сургалт-Хүмүүжлийн Тусгай Байгууллагад хүмүүжиж буй хүүхдүүдийн 44% нь халамж, анхаарал дутсан гэр бүлийн орчинд өссөн бол 31% нь сургууль завсардсан байлаа. Харин 28% нь гэрээсээ зугтаж байсан дүр зураг харагдсан. Зарим нь гудамжинд, зарим нь танихгүй хүмүүсийн гэрт. Энэ бол хувь хүний алдаа гэхээсээ илүү системийн хамгаалалт дутагдсан хүүхдүүдийн нийтлэг дүр зураг юм.
Сургалт, хүмүүжлийн тусгай байгууллагын дарга, дэд хурандаа Ц.Баяртбаатарын тодорхойлсноор бол “Хүүхэд эндээс үнэхээр хүмүүжээд гардаг. Харин буцаад очиход тэднийг ямар нийгэм угтдаг нь л асуудал” болоод байгаа ажээ
Хоёр дахь боломжийг хааж буй нийгэм
Хүүхэд шийтгэлээ хүлээж, өөрчлөгдөхөд сэтгэл зүйн хувьд хамгийн их хэрэгтэй зүйл нь бусдын итгэл байдаг. Харин түүнийг “ял эдэлж байсан” гэсэн цахим шошготой үлдээх нь энэ итгэлийг үгүй хийж, ахин урагшлах сэдлийг нь мохоодог байна. “Энэ бол зөвхөн хувь хүний асуудал биш, хүний эрхийн ноцтой зөрчил, нийгэм доторх үл харагдах ялгаварлалыг бэхжүүлж буй хэлбэр юм.” гэж сэтгэл зүйч А.Дөлгөөн тайлбарлалаа.
Түүний энэ тайлбарыг Нийгмийн ажилтан Д.Баярмаа улам гүнзгийрүүлэв. Тухайлбал хүүхдүүдийн өөрчлөгдөх үйл явц нь зөвхөн ял шийтгэлээ эдлэж дуусгалаа гээд бүрэн төгсдөг зүйл биш аж. Харин ч жинхэнэ сорилт нь нийгэмд эргэн орж ирэх үед эхэлдэг. Гэтэл энэ үед нь “ял эдэлж байсан” гэсэн тэмдэглэл хадгалагдсаар байх нь хүүхдийг дахин тусгаарлаж, нийгэмд бүрэн нэгтгэх боломжийг нь хааж орхидог. Бид шийтгэх бус, чиглүүлж, дэмжих нийгмийн тогтолцоог бий болгох хэрэгтэй байна гэсэн санааг Д.Баярмаа дэвшүүлж байгаа юм.
Хүүхэд бүрд амьдралаа дахин эхлүүлэх боломж бэлэглэе
Монгол Улсад насанд хүрээгүй хүүхдийн ял шийтгэлийн мэдээллийг устгах, архивлах тухай эрх зүйн зохицуулалт өнөөдрийн байдлаар байхгүй байна. Гэвч олон улсын хүний эрхийн баримт бичгүүд, ялангуяа тэр дундаа Хүүхдийн эрхийн конвенц, Бээжингийн тунхаглал, сэргээн засах, нийгэмшүүлэх зарчмуудад үндэслэн дараах зохицуулалтыг нэн яаралтай хэрэгжүүлэх шаардлагатай байна.
Насанд хүрээгүй хүүхдийн ял шийтгэлийн мэдээллийг цахим орчноос бүрэн устгах, эсвэл архивлах эрх зүйн зохицуулалт зайлшгүй шаардлагатай байна. Алдаагаа ухаарч, өөрчлөгдөхөөр зорьж буй хүүхдэд “ялтай” гэсэн шошгыг насан турш зүүх нь түүнд шинэ эхлэлийг бүтээхэд тушаа болж байна.
Энэ бол зөвхөн хүний эрхийн асуудал биш. Энэ бол нийгмийн хөгжлийн төлөө хийх ухаалаг, урт хугацааны хөрөнгө оруулалт юм.
Монгол Улсад хүүхдийн гэмт хэргийн нөхцөл байдал, түүнийг дагасан ялгаварлан гадуурхалт, нийгэмд эргэн нэгтгэх тогтолцооны дутмаг байдал нь бодлого, гүйцэтгэлийн түвшинд анхаарал шаардсан асуудал хэвээр байна.
Энэхүү сорилтод хариу өгөх зорилгоор Кристина Ноблийн Хүүхдийн Сан 28 жилийн турш Сургалт хүмүүжлийн тусгай байгууллагын дэргэд Өсвөр насныхны хөгжлийн хөтөлбөрөө хэрэгжүүлж, ял шийтгэл эдэлж буй болон эрсдэлт орчинд өсч буй хүүхдүүдэд зориулан мэргэжлийн чиг баримжаа, нийгэм-сэтгэлзүйн үйлчилгээ, урлаг, амьдрах ухаан, боловсролын сургалт явуулах зэрэг олон талт дэмжлэгийг тогтмол үзүүлж иржээ. Энэхүү хөтөлбөрийн гол зорилго нь ял шийтгэл хүлээсэн хүүхдүүдэд зөвхөн тусламж бус, итгэл, уучлал, өөрчлөгдөх орон зай, хоёр дахь боломжийг олгоход оршдог.
Хүүхэд гэдэг хийсэн үйлдлээрээ биш, өөрчлөгдөх итгэлээрээ хэмжигдэх ёстой. Бидний дэмжлэг, уучлал, бодлого, анхаарал энэ түүхийг зогсоох бус, өөрчлөх хүч болно. Ялтай биш, дахин эхлэх эрхтэй хүүхдүүдийн төлөө шинэ эхлэлийг бэлэглэе.
Ч.Нямдаваа
Ц.Очгэрэл
Сэтгэгдэл (1)