Ардын уран зохиолч, Төрийн соёрхолт, СГЗ, яруу найрагч П.Бадарч өнөөдөр буюу 2025 оны долоодугаар сарын 7-ны өдөр Монгол Улсын Хөдөлмөрийн Баатар цолыг хүртлээ. Энэхүү үйл явдлыг тохиолдуулан эрхэм яруу найрагчийн талаарх түүх хүүрнэх гэрэл зургууд болон баримтуудыг сэргээн хүргэж байна.
“Дайны жилд төрсөн нь”: П.Бадарч 1939 оны 10 дугаар сард Төв аймгийн Баянжаргалан суманд төрсөн. Түүнийг 10 сард төрсөн гэж ижий нь хэлсэн гэдэг. Өөрөө ч дайны жилд төрсөн хүн гэж ярьдаг. Пунцаг гуайнх өөрийн нэг ч хүүхэдгүй бөгөөд дөрвөн өөр айлаас дөрвөн хүүхэд өргөн авч өсгөсөн юм. Тэр дөрвөн айлд хүүхэд ерөөсөө тогтддоггүй байсан ба Пунцаг гуайнд өгснөөр сая нэг зүгээр болсон гэдэг. /Баруун талаасаа хоёр дахь цайвар дээлтэй нь/
“Лам аав”: Пунцаг гуайн хувьд тэр үедээ төвд, монгол бичиг мэддэг лам хүний тоонд ордог байв. Хожим айл, хүмүүст залагдаж маань, мэгзэм уншиж, засал хийдэг байсан гэдэг. Өөрөө бурханы тухай маш сайн ойлголттой байсан бөгөөд бурханы шашныг гүн ухаан, сэтгэл зүйн талаас нь мэддэг нэгэн байв. Ээж Цэвэгмид, аав Пунцаг, нэг ахын хамт.
“Дэлдэн шар”: Баянжаргалан сумын бага сургуульд дэггүй байрын дэлдэн шар хүү дөчөөд оны сүүлээр оров. Түүнийг Пунцагийн Бадарч гэдэг. Шооч, хүн цаашлуулах дуртай, сахилгагүй түүнийг хэн ч шүлэг зохион бодлогошрон сууна гэж бодоогүй байлаа.
“Хэрлэн”: П.Бадарч багын шүлэг зохиол бичих авъяастай байсан ч энэ ажлаа нэлээд хожуу буюу 1960-аад оны үеэс эхэлсэн. “Утга зохиол, урлаг” сонинд залуу найрагч Пунцагийн Бадарч нэрийн дор “Хэрлэн” хэмээх шүлгээ нийтлүүлснээр маш их урам авч, үндсэн ажилдаа эргэлтгүй орсон.
“Онц хилчин”: Тэрбээр олонд дурсагдан, мөнхөрсөн олон шүлэг, дууны үгээ хил дээр бичсэн гэхэд болно. 1971 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн тушаалаар Өмнөговийн Овоотын 7 дугаар отрядын клубын даргаар томилогдсон юм. Уран бүтээлч хүн эх оронч байх ёстой гэж боддог учраас хилийн манаанд зогсож буй олон дайчин эрстэй хамт байх хамгийн сайхан байсан гэж ярьдаг. Тэнд байхдаа “Хилийн тэнгэр цэлмэг байгаасай”, “Хилчин чамдаа”, “Саруул шөнийн дуу”, "Застав минь баяртай” зэрэг дуу, шүлгээ бичиж байсан. Мөн Монгол улсын “Онц хилчин” билээ.
“Есөн эрдэнийн орон”: П.Бадарч 1999 онд Соёлын гавъяат зүтгэлтэн хэмээх эрхэм хүндтэй шагнал хүртсэн. Түүнээс өмнө нэгэн алдарт шүлгээрээ Д.Нацагдоржийн шагналыг хүртсэн юм. Энэ нь “Есөн эрдэнийн орон”. Сүүлд Ардын уран зохиолч цол хүртсэн билээ.
“Донтолт”: Жараад оны үед богино өгүүллэгийн мастер гэгддэг С.Эрдэнийн санаачилгаар Зохиолчдийн хороонд уламжлал болгон зохион байгуулж ирсэн “Яруу найргийн гурав дахь өдөр” нэртэй арга хэмжээ болдог байв. Энэ нь залуу найрагчдийн шүлгийг сонсож, зөвлөгөө өгч, харилцан суралцдаг өдөр ба тэр үеийн залуу, өнөө үеийн ахмадууд болох Ш.Дулмаа, Ш.Сүрэнжав, П.Пүрэвсүрэн, П.Бадарч нар аль хэдийнэ, цагаасаа өмнө ирээд дэвтрээ бариад сууж байдаг байв.
“Ханиа олсон нь”: Тэртээ 1959 онд анх бие биетэйгээ танилцаж айл гэр болон одоог хүртэл бие биенээ түшин ханилж байгаа юм. Гэргий Ичинноровтойгоо геологийн курст байхад нь хамт Хэнтий рүү явсан. Ичинноров гуайн хувьд жолооч байв. Ингээд л дурлалын эхлэл тавигдсан байна. Анх тусдаа гарахдаа П.Бадарч гуайг бодвол гэргий нь өөрийн гэсэн хувцасны шкафтай байсан гэдэг.
“Шүлэг дуусах мөч”: Яруу найрагчийн хамгийн сайхан үе нь юу вэ гэвэл шүлгээ бичиж дуусах тэр мөч гэж П.Бадарч гуай хэлэв. Олж харсан, ойлгож мэдэрсэн зүйлээ бодон бясалгаж олон өдөр, сар сэтгэлээс нь салж өгөхгүй байсан шүлэг нь цаасан дээр буух тэр мөч нь найрагч хүний амьд буйн тэмдэг болдог аж.
“Эхийн сэтгэл”: Ижийгээ өөд болсны дараа гэгээн дурсгалд нь зориулж нэгэн шүлгийг бичсэн юм. Тэр нь олигтой болоогүй юм байлгүй тэгсхийгээд мартагдсан. Харин түүнээс гучин жилийн дараа буюу 1996 онд “Эхийн сэтгэл” хэмээх алдарт шүлгээ тэрлэсэн юм.
“Хүрэл бурхан, Дожзовд судар”: Түүнд шүтэн залбирдаг хоёр зүйл байдаг. Нэг нь ээж нь хээрээс олж түүнд өгсөн хүрэл бурхан, нөгөөх нь аав нь өөд болохынхоо өмнө өгсөн, есөн эрдэнээр бүтээсэн “Доржзовд” судар юм.