Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас 2024 онд үндсэн есөн чиг үүргийг дүүргүүд рүү шилжүүлжээ. Тодруулбал, хоол, үйлдвэрлэл үйлчилгээний зөвшөөрөл олгох, нохой, муур устгал, зам талбайн цэвэрлэгээ үйлчилгээ, нийтийн эзэмшлийн эд хөрөнгийн арчилгаа тохижилт, гэрэлтүүлэг, согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх, хог тээвэр, цуглуулалт, ногоон байгууламж, зар сурталчилгааны самбарын зөвшөөрөлтэй холбогдох чиг үүргүүд дүүргүүдэд шилжсэн. Үндэсний их баяр наадам болохтой холбогдуулан наадмын хуушуур хийх зэрэг зөвшөөрлийг ч мөн дүүргүүдээс олгож, баталгаажуулдаг байна. Тиймээс өнөөдөр нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөний үеэр хотын дарга Х.Нямбаатар наадмын хуушуур хийх зөвшөөрөл олгохдоо дүүргүүдийн зүгээс зөрчил, асуудал үүсгэсэн байвал холбогдох албан тушаалтныг АТГ-т шалгуулна. Хариуцсан ажлуудаа нэр цэвэр, чанартай гүйцэтгэх хэрэгтэйг дүүргийн удирдлагуудад хэлжээ.