Ерөнхий сайд Г.Занданшатар энэ сарын 26-нд буюу өнгөрсөн амралтын өдрүүдэд Чойр-Мандалговь-Арвайхээр чиглэлийн хэвтээ тэнхлэгийн авто замын төслийн эхний үе шат болох Арвайхээрийн хоёр түвшний уулзвар бүхий авто замын бүтээн байгуулалтын ажилтай танилцлаа.
Төслийн эхний үе шат гурван цэгт буюу Арвайхээр, Мандалговь, Чойрт нэгэн зэрэг 2024 онд эхэлж, одоогийн байдлаар 23.8 км зам тавиад байна. Арвайхээрт хэрэгжиж буй төслийн эхний үе шатын гүйцэтгэгчээр “Хулжийн голын зам” ХХК ажиллаж байна.
Уг чиглэлд нийтдээ 487.7 км урттай хатуу хучилттай зам тавих юм. Төслийн эхний үе шат Арвайхээрт 90 хувийн гүйцэтгэлтэй, Мандалговь, Чойрт 50 хувийн гүйцэтгэлтэй байна.
Орон нутагт хийгдэж буй хоёр түвшний уулзвар бүхий авто замын анхны бүтээн байгуулалтад тооцогдож байна. Хоёр түвшний уулзвартай болсноор зам тээврийн ослоос сэргийлэх, зам огтлолцохгүй учраас хөдөлгөөний эрчим саарахгүй давуу талтай.
Уг хэвтээ тэнхлэгийн авто зам бүрэн ашиглалтад орсноор баруун аймгуудын иргэд ачаа бараа татахын тулд Замын Үүд рүү зорчихдоо Улаанбаатар хотоор дайрах шаардлагагүй болно. Дунджаар 200-400 км дөт замаар ачаа бараа татсанаар тээврийн зардал, цаг хугацаа хэмнэх боломж бүрдэх юм.