Чингэлтэй дүүргийн гуравдугаар хороонд байрлах нийслэлийн өмчийн гуравдугаар байр буюу “Урт цагаан” худалдаа, үйлчилгээний төвийн барилгыг өнгөрсөн оны арваннэгдүгээр сард нураах шийдвэр гарсан. Улмаар иргэдээс санал авч, санал асуулгад оролцсон иргэдийн 96 хувь нь далд зогсоол бүхий цэцэрлэгт хүрээлэн байгуулахыг дэмжсэн билээ. Ийнхүү бүтээн байгуулалтын ажлыг өнгөрсөн оны есдүгээр сард эхлүүлсэн юм. Өнөөдрийн байдлаар далд авто зогсоол бүхий цэцэрлэгт хүрээлэн, үйлчилгээний барилгын ажлын нийт явц 82 хувьтай үргэлжилж байна.
“Нийт 1.3 га талбайг хамарсан уг цэцэрлэгт хүрээлэн нь 109 автомашины далд зогсоол, дэргэдээ гурван давхар үйлчилгээний төвтэй байхаар төлөвлөгдсөн. Өнөөдрийн байдлаар нийт ажлын гүйцэтгэл 82 хувьтай үргэлжилж байна. Тодруулбал, цэцэрлэгт хүрээлэнгийн ил тохижилтын ажил дууссан бол далд зогсоолыг барих ажлын явц 90 хувь, үйлчилгээний төвийн барилгын гүйцэтгэл 15 хувьтай үргэлжилж байгаа юм. Барилга угсралтын ажлыг энэ оны арванхоёрдугаар сард дуусгах гэрээтэй бөгөөд гурван давхар үйлчилгээний төвийн барилгын ажлыг аравдугаар сарын 15-ны дотор дуусгахаар ажиллаж байна.