
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ж.Энхбаяр нар “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөөнийг хэрэгжүүлэгч “Еден” ХХК-ийн үйлдвэрт ажиллалаа.
Монгол жимс, жимсгэнээр чанамал, нухаш, өтгөрүүлсэн жүүс зэрэг 50 гаруй төрлийн хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг “Еден” ХХК Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Хүнсний хувьсгал” үндэсний хөдөлгөөн, УИХ-ын 36 дугаар тогтоолын хүрээнд арилжааны банкны хөнгөлөлттэй зээлд хамрагдсан. Зээлийн санхүүжилтээр үйлдвэрийн тоног төхөөрөмж шинээр суурилуулж, байр, агуулахаа өргөтгөн, түүхий эдийн нөөцөө нэмэгдүүлсэн.
Улмаар үйлдвэрийн хүчин чадлаа хоногт 10.5 тн буюу 88 хувиар, борлуулалтын орлогоо 57 хувиар, бүтээгдэхүүний нэр төрлөө олон төрлөөр олшруулсан талаар тус компанийн захирал Ц.Хүрэлбаатар танилцуулав. Тэрбээр Монгол Улсын Ерөнхийлөгч “Хүнсний хувьсгал” үндэсний хөдөлгөөнийг эхлүүлж, одоогоос 2 жилийн өмнө “Еден” үйлдвэрт анх зочилж байхад танилцуулж байсанчлан үйлдвэрлэлээ өргөтгөх, монгол жимс, жимсгэнээр импортыг орлох эрүүл хүнс үйлдвэрлэх зорилтоо төр-хувийн хэвшлийн түншлэлээр богино хугацаанд үр дүнтэй хэрэгжүүлж байгааг онцолсон юм.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүн амаа эрүүл, аюулгүй хүнсээр хангах төрийн бодлогыг тууштай хэрэгжүүлж буй “Еден” ХХК-ийн хамт олонд талархал илэрхийлээд, хүнсний үйлдвэрлэлд тулгамдаж буй асуудлаар санал солилцлоо.






















































Сэтгэгдэл (1)