
Гэтэл ард түмнийхээ шүтээн болсон бөхчүүд маань чухам үнэхээр энэ их хүндлэл, хайр, талархлыг нь дааж чадаж байна уу? Мэдээж хэрэг бүгдээрээ биш л дээ. Б.Бат-Эрдэнэ аварга, А.Сүхбат аварга гээд биеийн бяр, ухааны цараа хосолсон сайхан эрчүүд цөөнгүй бий. Гэтэл олны дунд монгол бөхийн нэрийг гутаасан, ёс жудаггүй аашилсан хүмүүс цөөнгүй байх юм.
Саяхан буюу өнгөрсөн сарын сүүлээр Сүхбаатар дүүргийн “River sounds” бааранд зургаан бөх хоёр залууг зодож хүнд бэртээсэн хэрэг гарав. Тэд тус бааранд үйлчлүүлж байсан 20-25 настай Ж, Э нарыг шалтгаангүйгээр зодож, толгой, нүүр, биед нь хүнд гэмтэл учруулсан юм. Харин мөрдөн байцаалтын явцад Улсын харцага Ц.Содномдорж, Улсын начин Н.Батзаяа нар зодоонд оролцоогүй нь нотлогдож, үлдсэн дөрвөн бөх нь эрүүгийн хэрэгт татагдан шалгагдаж байгаа билээ. Тэдэнд зодуулсан хохирогчийн нэг нь БНСУ руу яаралтай эмчилгээ хийлгэхээр явж, нэг нь гэртээ эмчлүүлж байгаа.
Гэтэл уг хэрэг намжаагүй байтал дахин нэг бөх танхайн хэргээр цагдаагийн байгууллагад шалгагдаж эхлэв. Тодруулбал, энэ сарын 9-нд “Монгол бөхийн өргөө”-нд болсон Ардчиллын 23 жилийн ойд зориулсан барилдааны үеэр Улсын начин Р.Пүрэдагва тавын даваанд Б.Пүрэвсайхантай барилдсан юм. Засуулууд давааг Ховдын начин Б.Пүрэвсайханд өгөхөд Р.Пүрэвдагва эсэргүүцэн, улмаар түүнд гарч хүрсэн билээ. Тиймээс улсын начин Р.Пүрэвдагвыг олон нийтийн газар танхайрсан хэмээн Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтэст шалгаж байгаа юм.
“Ээ бөхчүүд минь юу болчихов оо” хэмээн халаглаж дуусаагүй байтал дахин нэг бөх танхайн хэргээр эрүүгийн хэрэгт татагдлаа. Энэ нь сав л хийвэл зодоон, цохионы хэрэгт холбогддог Улсын начин Б.Одхүү байж таарав. Тэрээр өнгөрсөн амралтын өдөр Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэр Япон хороололд байрлах “Garden” ресторанд архи ууж байгаад МУ-ын хөдөлмөрийн баатар, олимпийн аварга Н.Түвшинбаяр, ШШГЕГ-ын “Сүлд” спорт хорооны дарга, Улсын заан Ц.Баярсайхан нарыг зодож танхайрсан байв. Б.Одхүү начин өмнө нь “River Sounds” клубт Сөүлийн олимпод оролцсон боксын олон улсын хэмжээний мастер Ээнээ буюу Эрдэнэбатыг зодож хүнд гэмтэл учруулсан байдаг. Түүнчлэн гадаадын иргэдийг бааранд зодсон, дээрэмдсэн хэрэгтээ таван жилийн ял сонсож, 2.2 жилийг биечлэн эдлээд уучлалаар Багануурын хорих ангиас суллагдсан билээ.
Гэтэл Монголын Үндэсний бөхийн холбоо ийм төрлийн ёс зүйн алдаан дээр нүдэн балай, чихэн дүлий өнгөрөөчихдөг нь чухам танхай балмад бөхчүүдээсээ айсандаа тэр юм болов уу гэж таамаглахад хүргэж байна.
Хэдэн жилийн өмнө Баянхонгор аймгийн ойд тус аймгийн харьяат Улсын начин Батболд Төв аймгийн Улсын начин Даваабаатарыг улайм цайм зодчих шахсан. Мөн Улсын их баяр наадмын зүлэг ногоон дэвжээн дээр өнөөгийн Улсын аварга Г.Өсөхбаяр өрсөлдөгчийнхөө эмзэг газарт улайн цайм тийрч унагаж байгааг нийтээрээ үзэж харсан.
Бяр чадал, ухаан хоёрыг хослуулж жинхэнэ жудагт монгол бөх төрж гарах учиртай. Тиймээс нэг нэгээрээ танхайн хэргээр цагдаагийн байгууллагын “үүд сахиж” буй бөхчүүддээ зориулж ном уншуулвал яасан юм бэ. Тэгэхгүй бол ийнхүү зарим нэг жудаггүй бөхчүүдээс болж, монгол бөхийн нэр хүнд унаж, олон зуун жилийн уламжлалтай бөхийн барилдаан үгүй болж жанжин малгай, зодог шуудаг, монгол гутал л үлдэх вий дээ.
Б.Золбоо
Сэтгэгдэл (9)