
-Ур чадвар хаана байна, тэнд арга зам бий...-
Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Боловсролын ерөнхий газар болон “Дэлхийн Ур Чадвар Монгол” НҮТББ-аас зохион байгуулж буй “Монгол ур чадвар – 2025” уралдааны хоёрдугаар шатны шалгаруулалт өнөөдөр эхэллээ.
Энэхүү шатны уралдаан “Гагнуур” болон “Цахилгаан хангамж, тоног төхөөрөмжийн ашиглалт” мэргэжлийн чиглэлүүдээр өнөөдөр нээлтээ хийв. Хоёрдугаар шатны уралдааныг нийт 12 мэргэжлийн төрлөөр мэргэжлийн холбоод болон аж ахуйн нэгжүүдтэй хамтран зохион байгуулж байна.
Үүнд,
* Гагнуур (071512)/Welding - Монголын материал судлал, гагнуурын нийгэмлэг НҮТББ,
* Металл хийц, CNC токарь, үйлдвэрийн тоног төхөөрөмжийн засвар (078807)/CNC Turning Хэрэглээний программ, CAD (061101)/Mechanical Engineering CAD-Металл боловсруулалт, инженерчлэлийн холбоо НҮТББ,
* Цахилгаан хангамж, тоног төхөөрөмжийн ашиглалт (071316) / Electrical Installations-Цахилгаан холбоо, автоматикийн инженерүүдийн холбоо НҮТББ,
* Хэвлэлийн график дизайн (021105)/Graphic Design Technology-Монголын хэвлэлийн үйлдвэрүүд, хэвлэн нийлүүлэгчдийн холбоо НҮТББ,
*Хоолны үйлчилгээ (101302) / Cooking - Монголын тогооч нарын холбоо НҮТББ,
*Барилгын өрөг угсралт (073208) /Bricklaying - Монголын барилгачдын нэгдсэн холбоо НҮТББ,
*Барилгын сантехник, хоолой угсралт (073201)/Plumbing and Heating- Монголын сантехникчдын хөгжлийн нийгэмлэг НҮТББ,
*Мужаан (073208)/Joinery - Монголын ой модны үйлдвэрүүдийн түншлэл ассоциаци НҮТББ,
*Механикжсан тээврийн хэрэгсэл, засвар үйлчилгээ (071601)/Automobile Technology-Монголын Автомашины Дистрибьютеруудын Ассоциаци ТББ, “Цукуба” ХХК,
*Химийн процессын тоног төхөөрөмжийн ашиглалт (071103)/Chemical Laboratory Technology-Монголын химичдын хөгжлийн ассоциаци НҮТББ,
* Барилгын засал чимэглэл (073208) /Plastering and Drywall Systems - “КНАУФ ГИПС” ХХК тус, тус оролцож байна.
“Монгол ур чадвар-2025” уралдааны хоёрдугаар шат мэргэжлийн ур чадварыг үнэлж, олон улсын стандартын дагуу үндэсний шилдэг төлөөллийг тодруулах зорилготойгоор өрнөж буй.
Тэд ур чадварын уралдааны мэргэжлийн даалгавар, үнэлгээ, зохион байгуулалтыг хариуцан ажиллахаас гадна инженерчлэл, инженерийн үйлдвэрлэл, дуу дүрсний техник болон медиа үйлдвэрлэл, барилга бүтээц, угсралт, механикжсан тээврийн хэрэгсэл, механизмын засвар, үйлчилгээний ур чадварын үнэлгээг мэргэжлийн инженер техникийн, эксперт ажилтнуудаар гүйцэтгүүлэх юм.
2025-2026 оны хичээлийн жилд “Гагнуур мэргэжлийн хөтөлбөр”-өөр 42 сургалтын байгууллагад мэргэжлийн боловсролын түвшинд 3416 суралцагч суралцаж байгаагийн 142 нь эмэгтэй суралцагч байна. Мөн 35 суралцагч хосолмол сургалтаар суралцаж буй. Уралдаанд мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагын 22 суралцагч, төгсөгч ур чадвараа сорихоор өрсөлдөж байна.
Уралдааны тангаргийг Ховд аймаг дахь Хөгжил политехникийн коллежийн суралцагч Г.Хосбаяр, Металл гагнуур эксперт ХХК-ийн үл эвдэх сорилын инженер М. Бавуудорж нар өргөлөө. Шүүгчдийн бүрэлдэхүүнээр Монголын материал судлал, гагнуурын нийгэмлэгийн гишүүд, Лайнюкс ХХК болон Металл гагнуур эксперт ХХК-ийн инженерүүд ажиллаж байна.
“Монгол ур чадвар-2025” уралдаанд мэргэжлийн холбоодтой хамтран ажилласнаар, монгол залуусын ур чадварыг дэлхийн түвшинд үнэлүүлэх, төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, мэргэшсэн боловсон хүчин бэлтгэх зэрэг олон талын ач холбогдолтой.
Уралдааны хоёрдугаар шатны өрсөлдөөн 2025 оны арванхоёрдугаар сарын 04-нөөс 18-ны өдрийг хүртэл 12 мэргэжлийн чиглэлээр үргэлжилж “Үндэсний ялагч”-д өрсөлдөх оролцогчдыг шалгаруулна.
Дашрамд дуулгахад, “Үндэсний аварга”-аар шалгарсан оролцогч 2026 оны есдүгээр сард БНХАУ-ын Шанхай хотод болох “Дэлхийн ур чадвар-2026” уралдаанд мэргэжлийн чиглэлээрээ Монгол Улсаа төлөөлөн оролцох юм.



























































