![]()
Эрүүл мэндийн яам, НҮБ-ын Хүн амын сан, Люксембургийн Засгийн газрын хамтарсан санхүүжилтээр хэрэгжүүлж буй “Сэргийлж болох эхийн болон перинатал эндэгдлийг тэглэх үйл ажиллагааг эрчимжүүлэх нь” төслийн хүрээнд 10 аймгийн 20 сумын эрүүл мэндийн төв, алслагдсан 2 дүүргийн өрхийн эрүүл мэндийн төвүүдэд нийт 1 тэрбум 864 сая төгрөгийн үнэ бүхий 22 зөөврийн ЭХО, 22 ургийн зүрхний бичлэгийн аппаратыг хүлээлгэн өгөв.
Эх барихын практикт хэт авиан шинжилгээ болон ургийн зүрхний бичлэгийн үнэлгээ хийх нь өндөр ач холбогдолтой байдаг.
Жирэмсний хугацаанд доод тал нь 4, түүнээс дээш удаа хэт авиан шинжилгээнд хамрагдах шаардлагатай. Мөн ургийн зүрхний бичлэгийн аппаратад 8 сартайгаас хянагдаж ургийн үнэлгээг хийх ёстой. Уг бичлэгээр ургийн бүтэлтийн шинж тэмдгийг эрт илрүүлж дараагийн шатны эрүүл мэндийн байгууллагад шилжүүлэх болон эмчилгээ хийх, төрөлтийг шийдвэрлэх гэх мэт аливаа эмгэгийг эрт илрүүлж оношлоход зайлшгүй шаардлагатай өндөр ач холбогдолтой төхөөрөмжүүд юм.
Энэ оношилгоо, үнэлгээг хэрхэн хийх талаар анхан шатнаас ахисан түвшин хүртэл онол, практикийн сургалтыг Нийслэлийн өргөө амаржих газарт зохион байгуулж байна.
ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Очирбат дээрх тоног төхөөрөмжүүдийг гардуулах үеэр, Төслийг амжилттай хэрэгжүүлэхэд хамтран ажиллаж, дэмжлэг үзүүлж буй НҮБ-ын Хүн амын сан, Люксембургийн Засгийн газар, бусад хамтрагч байгууллагуудад талархал илэрхийлэв. Мөн тус төслийн үйл ажиллагаа нь Монгол Улсын Алсын Хараа-2050, Тогтвортой хөгжлийн зорилт-2030, Анхан шатны эрүүл мэндийн байгууллагыг чадавхжуулах, Эх баригчийн тусламж үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх, төвлөрлийг сааруулах зэрэг үндэсний бодлого, стратегийн хэрэгжилтэд онцгой дэмжлэг болж байгааг цохон тэмдэглэлээ.
ЭМЯ





















































