
АНУ-ын хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр 2024 оны есдүгээр сард Корнеллийн Их Сургуулийн кампус дотор гарсан бэлгийн хүчирхийллийн хэрэгт Монгол оюутан Э.Б буруутай хэмээн тогтоосон тухай мэдээллээд эхэлжээ. Уг хэргийн тухай cornellsun.com дээр гарсан нийтлэлийг орчуулан хүргэж байна.
Энэхүү нийтлэлд бэлгийн хүчирхийлэлтэй холбоотой мэдээлэл багтсан болно.
Корнеллийн Их Сургуулийн хуучин оюутан 22 настай Э.Б нь 11-р сарын 24-нд болсон нэг долоо хоногийн турш үргэлжилсэн шүүх хурлын дараа нэгдүгээр зэргийн хүчин болон хоёрдугаар зэргийн орон байранд хууль бусаар нэвтрэх хэргээр буруутай гэж тогтоогдсон талаар Томпкинс тойргийн (county) Прокурор Мэтью Ван Хоутены 11-р сарын 25-ны хэвлэлийн мэдээнд дурджээ. The Cornell Daily Sun түүний сургуульд элссэн он болон NetID-ийг шалгаж чадаагүй гэж мэдээлсэн боловч олон нийтийн судалгааны үр дүнд Э.Б нь 2027 онд сургуулиа төгсөх Global & Public Health Sciences мэргэжлийн оюутан байсан бөгөөд NetID нь be245 байсан гэж батлагджээ.
Э.Б 2024 оны 9-р сарын 12-нд Корнеллийн Их Сургуулийн Цагдаагийн Газар, Итакагийн цагдаагийн газрын туслалцаатайгаар баривчилсан бөгөөд Корнеллийн Их Сургуулийн цагдаагийн газрын мэдээлснээр энэ баривчилгаа нь 2024 оны 9-р сарын 1-ний өглөө эрт кампус дээр гарсан бэлгийн хүчирхийллийн хэргийг Корнеллийн цагдаа болон Томпкинсын тойргийн прокурорын газар хамтран мөрдсөн ажиллагааны үр дүн байжээ.
Баривчлагдахаас өмнө Э.Б-г Томпкинс тойргийн тангарагтны шүүх нэгдүгээр зэргийн хүчин болон хоёрдугаар зэргийн орон байранд нэвтрэх хоёр зүйл ангиар буруутай гэж үзэн буруутгаж баривчлах зөвшөөрөл олгожээ. Эдгээр хоёр зүйл ангиар 11-р сарын 24-нд болсон шүүх хурлаар түүнд ял оноосон.
Прокурорын газрын мэдээлэлд дурдсанаар тэрбээр, “гэмт хэрэг үйлдэх зорилгоор оюутны дотуур байрны өрөөнд хууль бусаар орсон” гэж заасан байна. Мөн мэдэгдэлд түүнийг “бие махбодийн хувьд эсэргүүцэх боломжгүй байсан хүнтэй бэлгийн харьцаанд орсон” гэжээ.

Нэгдүгээр зэргийн хүчингийн хэрэг нь Нью-Йорк мужийн хуулиар хүчиндэх гэмт хэргийн хамгийн хүнд ангилал бөгөөд B ангиллын хүнд гэмт хэрэгт тооцогддог ба хамгийн ихдээ 25 жилийн хорих ял оноох боломжтой. Мөн B ангиллын гэмт хэрэгт хамгийн багадаа 5 жил хорих ял заавал оноох хуультай.
Э.Б-н өмгөөлөгч Жефф Алан Чаброу сэтгүүлчдийн асуултад ямар нэгэн хариу өгөөгүй байна. Ялын тогтоолыг 2026 оны 2-р сарын 24-нд 13:30 цагт Томпкинс тойргийн шүүгч Скотт А.Миллерийн өмнө хэлэлцэхээр товложээ.
Нэмэлт мэдээлэл хүргэхэд Э.Б нь АНУ-д олон улсын нэр хүндтэй тэтгэлэгт хамрагдсан “шилдэг оюутан” гэх нэрээр ирж байсан бөгөөд Дархан-Уул аймгийн гаралтай, Томүжин Алтернатив сургуулийн төгсөгч юм байна. 2023 онд Корнеллд элсэхдээ 328,000 долларын бүрэн тэтгэлэг авсан тухай Монголын хэвлэлүүдэд гарч байсан аж.






















































