
Өнгөрсөн амралтын өдрүүдэд буюу дөрөвдүгээр сарын 17-19-ний өдрүүдэд нийт нутгаар хүчтэй салхитай, цасан болон шороон шуурга шуурч, зарим аймаг, сумын нутгаар гамшигт үзэгдлийн хэмжээнд хүрсэн бөгөөд салхи шуурганы улмаас айлын гэр нурсан, барилгын дээвэр хууларсан 12 дуудлага мэдээлэл бүртгэгдлээ.
Үүнээс 4 байшин, нэг агуулахын дээвэр хууларч, 3 айлын гэр нурсан дуудлага, мэдээллээр тухайн аймаг, сумын нутгийн захиргааны байгууллагаас хохирлыг тогтоох, сэргээн босгох арга хэмжээг хэрэгжүүлсэн юм.
Тухайлбал, Баянхонгор аймгийн Галуут суманд дөрөвдүгээр сарын 18-ны өдрийн 16:20 цагийн орчимд 23 м/с хүчтэй шороон шуурга шуурсны улмаас сумын ЗДТГ-ын өвсний агуулахын 10х30 метрийн хэмжээтэй дээврийн 2х4 метрийн хэмжээтэй хэсэг хууларсан, мөн аймгийн Бөмбөгөр суманд 22-24 м/с хүчтэй шороон шуурга шуурсны улмаас хүүхдийн цэцэрлэгийн Б байрны дээвэр хууларлаа.
Цаг агаарын аюулт үзэгдлийн улмаас төөрсөн, сураггүй болсон гэсэн дуудлага мэдээлэл бүртгэгдээгүй бөгөөд хүний амь нас, эрүүл мэндэд хохирол учраагүй байна.




















































