
Холливуд болон энтертайнментийн салбарт гоо сайхны мэс засал, ботокс, филлер зэрэг гоо сайхны өөрчлөлтүүд улам түгээмэл болж байгаа нь жүжигчдийн нүүрний хувирал, дүр бүтээх чадварт хүртэл нөлөөлж байна гэх шүүмжлэл сүүлийн үед хүчтэй яригдах болжээ. CNN-ийн 2026 оны наймдугаар сарын 16-нд нийтэлсэн видеонд энэ асуудлыг хөндөж, дэлгэцийн оддын төгс, залуу харагдах гэсэн эрмэлзлэл нь зарим тохиолдолд тэдний нүүрний хөдөлгөөн, илэрхийллийг хязгаарлаж, үзэгчдэд дүрийн бодит мэдрэмжийг хүргэхэд саад болж байгаа талаар онцолсон байна.
Энэ асуудлыг The Guardian мөн энэ оны зургадугаар сард хөндөж, Холливудын гоо сайхны мэс заслын хэт хэрэглээ нь жүжигчдийн нүүрийг “хөдөлгөөн багатай” болгож, улмаар жүжиглэлтэд нөлөөлж байгаа талаар бичжээ. Тус нийтлэлд арьсны эмч Дэвид Колберт нэгэн киноны найруулагч жүжигчний нүүр хэт их филлертэй болсноор сэтгэл хөдлөлөө илэрхийлэхэд хүндрэлтэй болсон хэмээн гомдоллож байсан тухай ярьсан байна.
“Селфи дээр сайхан харагдах” ба “дүрд тохирох” хоёр өөр
Лос-Анжелесийн кастингийн захирал Мари нэрээ нууцлан хэлэхдээ, илт харагдах пластик мэс засал нь олон кино, телевизийн төсөлд жүжигчин сонгоход сөргөөр нөлөөлдөг гэжээ. Түүний хэлснээр зарим залуу жүжигчин Instagram зэрэг сошиал платформд илүү сайхан харагдахын тулд филлер хийлгэдэг ч энэ нь тэднийг дүрд уусах, бодит хүн шиг харагдахад хүндрэл учруулдаг байна.
Өөрөөр хэлбэл, зураг дээр төгс харагдах нь кинонд дүр бүтээхтэй адил зүйл биш. Жүжигчин хүн айх, баярлах, уйлах, гайхах, уурлах зэрэг сэтгэл хөдлөлийг зөвхөн дуу хоолой, хөдөлгөөнөөр бус нүүрний өчүүхэн хувиралаар ч илэрхийлдэг. Харин ботокс, филлер болон зарим төрлийн гоо сайхны мэс засал эдгээр хөдөлгөөнийг хязгаарлаж болзошгүй юм.
Гоо сайхны стандарт эмэгтэй жүжигчдэд илүү хүчтэй дарамт болдог
The Guardian-ийн мэдээлснээр, Холливудад нас ахихгүй мэт харагдах дарамт эмэгтэй жүжигчдэд илүү хүчтэй байдаг. Өдгөө 40-өөд насны эмэгтэй жүжигчин гол дүрд тоглох боломжтой болсон ч залуу хэвээр харагдах шаардлага зэрэгцэн ирдэг байна.
Гэхдээ бүх алдартнууд гоо сайхны мэс заслыг эсэргүүцдэг гэсэн үг биш. People-ийн мэдээлснээр олон алдартан гоо сайхны процедур хийлгэсэн талаараа нээлттэй ярьдаг бөгөөд зарим нь үүнийг өөртөө итгэх итгэлээ нэмэгдүүлэх арга гэж үздэг. Харин жүжигчний мэргэжлийн хувьд асуудал нь “гоо сайхны мэс засал хийлгэх эсэх” гэхээс илүү дэлгэцэн дээрх хүний бодит байдал, нүүрний илэрхийлэл, дүрийн үнэмшилтэй байдал руу шилжиж байна.
Жүжигчний дасгалжуулагч Зак Барнетт ирээдүйд хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн төгс дүрүүд олшрох тусам үзэгчид төгс бус, жинхэнэ хүмүүсийг илүү хүсэх магадлалтай гэж үзжээ. Түүнийхээр кино урлаг дүрийн түүх, хүний бодит мэдрэмж рүү эргэн төвлөрвөл төгс харагдах дарамт багасах боломжтой.
Л.Баяр


















































