
Согтууруулах ундааг хааяа хэрэглэх нь заавал донтолсон гэсэн үг биш. Харин уух хүсэл, хэрэглээгээ хянах чадвар алдагдаж, архи нь хүний эрүүл мэнд, ажил, гэр бүл, өдөр тутмын амьдралд сөргөөр нөлөөлсөөр байхад хэрэглэсээр байх нь согтууруулах ундааны хэрэглээний эмгэг "Alcohol Use Disorder, AUD"-ийн шинж байж болно. Дэлхийн эрүүл мэндийн байгууллага архийг донтуулж болох сэтгэцэд нөлөөт, хорт бодис гэж 100 хувь тодорхойлдог.
Өөрийгөө шалгаад үзээрэй. Хэрэв доорх шинжүүдээс хоёр танд байвал та донтсон гэсэн үг юм.
АНУ-ын Архидан согтуурах, архидалтын үндэсний хүрээлэнгийн мэдээллээр DSM-5-TR шалгуурт сүүлийн 12 сарын хугацаанд дараах шинжүүдээс дор хаяж хоёр илэрвэл AUD байж болзошгүй гэж үздэг.
Төлөвлөснөөсөө илүү их эсвэл удаан хугацаагаар уух
Багасгах, зогсоохыг хүссэн ч чадахгүй байх
Архи олох, уух, шарталтаас гарахад их цаг зарцуулах
Архийг хүчтэй хүсэх, байнга бодох
Ажил, сургууль, гэр бүлийн үүргээ биелүүлж чадахгүй болох
Архинаас үүдсэн харилцааны асуудал гарсан ч үргэлжлүүлэн уух
Чухал ажил, хобби, нийгмийн үйл ажиллагаагаа орхих
Аюултай нөхцөлд архи хэрэглэх
Бие, сэтгэлд сөрөг нөлөөтэйг мэдсээр байж уух
Өмнө нь байснаас илүү их хэмжээтэй хэрэгтэй болох, даалт нэмэгдэх
Архи хэрэглэхээ зогсоох үед салганах, хөлрөх, нойргүйдэх зэрэг таталтын шинж илрэх
Шинжийн тоогоор эмгэгийн хүндийн түвшнийг тодорхойлдог: 2–3 нь хөнгөн, 4–5 нь дунд, 6 ба түүнээс дээш нь хүнд хэлбэрт тооцогдоно. Гол нь “хэр их уудаг” биш, “амьдралд хэрхэн нөлөөлж байна вэ?” гэдгээр нь үнэлж байгаа нь энэ юм.
Донтолтыг зөвхөн өдөр бүр архи уудаг эсэхээр хэмжих боломжгүй. Хяналтаа алдах, уухаа багасгаж чадахгүй байх, архинаас болж харилцаа болон ажил амьдралд асуудал үүсэх нь илүү чухал дохио юм. ДЭМБ-ын мэдээллээр, архины хэрэглээ 200 гаруй өвчин, эмгэг, гэмтэлтэй шалтгаант холбоотой бөгөөд 2019 онд л гэхэд дэлхий даяар 2.6 сая орчим хүний нас баралтын шалтгаан байв. Энэ тооцоо өнөөдөр буураагүй.
Ийм шинжүүд өөрт тань илэрч байвал “би зүгээр” гэж өөрийгөө тайвшруулахын оронд эмч, сэтгэцийн эрүүл мэндийн мэргэжилтэнд хандах нь зөв. Архины хамаарал нь хүсэл зоригоороо тэвчээд өнгөрөх асуудал бус, оношилж эмчлэх боломжтой эмгэг юм.
Л.Баяр




















































