
“Эрт Урьдын Цагт театр”-ын зохион байгуулдаг “Эрт Урьдын Цагт театрчилсан аялал” гурав дахь удаагаа зохион байгуулагдах гэж байна. Энэ удаагийн аяллын хүрээнд “Хорьдын сарнаар” монодрам буюу ганц хүний жүжгийг Богд хааны ордон музейн ёслол хүндэтгэлийн талбайд, шөнийн одот тэнгэрийн дор толилуулах юм.
Тус жүжиг 2026 оны есдүгээр сарын 20-ны 19:00 цагт ганцхан удаа тоглогдох бөгөөд үзэгчдэд түүх, уран зохиол, театрын урлагийг өвөрмөц орчинд мэдрүүлэхээрээ онцлогтой. “Хорьдын сарнаар” бүтээлийн зохиолч, найруулагчаар Ганбатын Мишээл ажиллаж байгаа бөгөөд тэрбээр “Гэгээн Муза” олон улсын театрын наадмын гурван удаагийн цомын эзэн, Соёлын тэргүүний ажилтан юм.
Харин Кокидэн хатны дүрийг Чимэдцэеэгийн Уранбилэг бүтээнэ. Тэрбээр мөн “Гэгээн Муза” олон улсын театрын наадмын хоёр удаагийн цомын эзэн, Соёлын тэргүүний ажилтан аж.


Жүжгийн зохиол нь Японы Хэй-ан үеийн язгууртан эмэгтэй зохиолч Мүрасаки Шикибүгийн бичсэн “Гэнжийн туульс” романаас сэдэвлэсэн байна. Мүрасаки Шикибүгийн бүтээл нь дэлхийн уран зохиолын түүхэнд онцгой байр суурь эзэлдэг бөгөөд “Гэнжийн туульс”-ыг хүн төрөлхтний хамгийн анхны романуудын нэг гэж үздэг.
Ийнхүү мянга гаруй жилийн тэртээх Японы ордны амьдрал, хүний дотоод сэтгэл, хайр дурлалын тухай өгүүлсэн сонгодог бүтээлээс сэдэвлэсэн монодрамыг Монголын түүхэн дурсгалт орчинд толилуулах юм.
Тоглолтын тасалбар 100 мянган төгрөгийн үнэтэй, ердөө 200 тасалбар худалдаалагдах аж. Тасалбарыг Цэцэг төвийн замын эсрэг талд, Ард кино театрын буудал дээр байрлах ARTU SHOP-оос авах боломжтой. Тоглолтын талаарх мэдээллийг 99297230 дугаарын утсаар лавлаж болно.
Л.Баяр



















































