
УИХ төсвийн тодотгол хэлэлцэхээр ээлжит бус чуулганаа зарласан энэ өдөр сөрөг хүчний намын дарга, УИХ дахь АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл тэргүүтэй төлөөлөгчид БНХАУ-ыг зорьж байна.
О.Цогтгэрэл тэргүүтэй АН-ын төлөөлөгчид БНХАУ-ын Коммунист намын урилгаар тус улсад албан айлчлал хийх бөгөөд Хятадын Коммунист намын Төв Хорооны өндөр түвшний албан тушаалтнуудтай уулзаж, улс төр, эдийн засгийн асуудлаар санал солилцох аж.
Айлчлалын үеэр БНХАУ-ын Коммунист намын Төв Хорооны Улс төрийн товчооны гишүүн, Төв Хорооны Нарийн бичгийн дарга Ли Ганьжэ, Төв Хорооны Гадаад харилцааны газрын дарга, сайд Лю Хайшин тэргүүтэй албаны хүмүүстэй уулзахаар төлөвлөжээ.
Парламент улсын төсвийн тодотголыг хэлэлцэхээр ээлжит бус чуулганаа зарласан өдөр сөрөг хүчний намын дарга гадаад улсыг зорьж байгаа нь эрх баригчид болон сөрөг хүчний хоорондын улс төрийн байр суурь, тэр дундаа төсөвтэй холбоотой маргаан ширүүсч буй үетэй давхцав.
АН-ын зүгээс айлчлалыг гэнэт зохион байгуулсан бус, 2024 оноос хойш намын удирдлагын түвшинд БНХАУ-тай хөгжүүлж буй харилцааны үргэлжлэл хэмээн тайлбарлаж байна. Айлчлалын товыг өнгөрсөн зургаадугаар сард талууд харилцан тохирсон гэх мэдээллийг мөн өгчээ.
Ингээд нэг талд нь төсвийн тодотгол, эдийн засгийн хүндрэл, парламентын улс төрийн халуун хэлэлцүүлэг, нөгөө талд нь сөрөг хүчний намын даргын БНХАУ дахь өндөр түвшний айлчлал зэрэгцэн өрнөж байна.
Т.Золзаяа


















































