
Өнөөдөр буюу 2026 оны есдүгээр сарын 28-ны даваа гарагт билгийн тооллын намрын дунд улаагчин тахиа сарын шинийн 17-ны өдөр тохиож байна. Энэ өдөр Дашням, Балжинням давхацсан билэгт сайн өдөрт тооцогдож байна.
Өлзий хутагтай хэмээн бэлгэшээдэг энэ өдөр 40 гаруй хос гал голомтоо бадрааж, хуримын ёслолоо хийхээр "Гэрлэх ёслолын ордон"-д захиалга өгчээ. Тэдний дундаас хамгийн эхний хосын хуримын ёслол шөнийн 03:00 цагт эхэлсэн байна. Ийнхүү хосууд билэгт сайн өдрийг сонгон, гэр бүл зохиож, шинэ амьдралаа эхлүүлж байна.
Монголчуудын уламжлалт бэлгэдэлд Дашням, Балжинням давхацсан өдөр ховор тохиодог бөгөөд энэ өдөр эхлүүлсэн гэр бүл, ажил үйлсийг бат бөх, өлзийтэй байна хэмээн бэлгэшээдэг уламжлалтай. Ийнхүү энэ жилийн Дашням, Балжинням давхацсан өдөр олон хосын хувьд гэр бүлийн шинэ амьдралын эхлэл болж, хуримын ёслолоор дүүрэн өнгөрч байна.



















































