
Марвел студийн хар арьст гол дүртэй супер баатрын төслүүд сүүлийн үед дараалан зогсож, цуцлагдаж байгаа нь шүтэн бишрэгчдийн анхаарлыг татаж байна. Тэд студи хар дүрүүдийн төслүүдэд бусад бүтээлээс бага ач холбогдол өгч байгаа эсэхийг асуух болжээ.
Үүний хамгийн тод жишээ нь Оскарын хоёр удаагийн шагналт жүжигчин Махершала Алигийн тоглох байсан “Blade” кино юм. Марвелийн кино ертөнцөд цус сорогч агнагч супер баатрын дүрээр нэгдэхээр төлөвлөгдөж байсан уг бүтээл 2019 онд зарлагдсан ч олон удаа хойшилж, найруулагч, зохиолчид хэд хэдэн удаа солигдсон байна.
Али уг дүрд бэлтгэхийн тулд гэр бүлээрээ Атлантад хүртэл нүүж, эрчимтэй бэлтгэл хийж байхдаа өвдгөө гэмтээсэн ч кино эцэстээ хэрэгжсэнгүй. Тэр 2026 онд уг төслөөс бүрэн хөндийрснөө мэдэгдэж, “Хэрэв тэд киног хийхийг хүссэн бол бид хийх байсан” хэмээн хэлжээ.

“Blade”-ээс гадна Яхья Абдул-Матин II-ийн гол дүрд нь тоглосон “Wonder Man” цувралын дараагийн улирал цуцлагдсан байна. Мөн Дон Чидлийн тоглох байсан “Armor Wars” киноны талаарх мэдээлэл удаан хугацаанд гараагүй байгаа аж. Эдгээр бүтээлүүд бүгд хар арьст гол дүртэй байсан нь анхаарал татаж байна.
Гэхдээ энэ нь Марвел хар дүрүүдийг зориудаар хойш тавьж байна гэсэн баталгаа биш юм. Шинжээчид студийн бүтээлийн тоог бууруулах, зардал хэмнэх бодлого, супер баатрын киноны зах зээлийн өөрчлөлт зэрэг олон хүчин зүйл нөлөөлж байж болохыг тайлбарлаж байна.
2018 оны “Black Panther” кино дэлхий даяар амжилт олж, хар арьст гол дүртэй супер баатрын бүтээл олон улсын зах зээлд өндөр орлого олох боломжтойг харуулсан. Харин одоо шүтэн бишрэгчид Марвел олон янзын дүр бүтээхээс гадна тэдгээрийн түүхийг MCU-ийн цаашдын гол үйл явдалд хэр зэрэг чухал байр суурь эзлүүлэх вэ гэдэгт анхаарлаа хандуулж байна.
Л.Баяр






















































