
-Идлэг шонхор шувуу ховор амьтдын тоонд ордог. Манай улс яагаад энэ шувууг экспортлодог болсон юм бэ?
- Анх 1995 оноос эхлээд Монгол улс төсөвтөө тодорхой хэмжээний орлого олохын тулд идлэг шонхорын экспортыг эхлүүлсэн юм билээ. Ер нь жилдээ 2-3 тэрбум төгрөгийн орлогыг энэ шувууны эксплотоос олдог. 2007 оноос хойш сүүлийн долоон жилийн орлогыг харахад 10 сая гаруй доллар орсон байдаг. БОНХЯ-ны шинэ удирдлага ан амьтныг агнаж орлого олох, эсвэл шонхорыг экспортлох нь буруу бодлого гэж үзэж байгаа. Өмнө нь 1990-ээд оны сүүлээр төсөв хэцүү байсан болохоор улсын төсөвт хэдэн төгрөг олохын тулд экспортыг зөшөөрдөг байсан. Харин одоо бол тийм шаардлага байхгүй гэж үзэж байна. Бид байгаль орчин, ан амьтнаа хамгаалах ёстой. Өнөөдөр төсвийн орлого нэг үеэ бодвол нэмэгдсэн. Тиймээс мөнгө олохын тулд заавал ан агнуурыг дэмжих нь буруу гэж Засгийн газарт санал оруулсныг дэмжсэн. Эхний ээлжинд 5 жилээр идлэг шонхорыг экспортлохыг хориглож байгаа.
- Монголд өвөлждөг идлэг шонхорын тоо толгой хэд байдаг вэ?
- Идлэг шонхор дэлхийд ховордсон нүүдлийн шувуунд ордог. Нүүдлийн шувууг экспортлохыг дэлхийн ихэнхи орон хориглосон байдаг. Монголд 6800 идлэг шонхор байдаг гэсн судалгаа байдаг. Ирэх хоёр, гурван жилийн хугацаанд манай яам идлэг шонхорыг тоолох, хамгаалах олон арга хэмжээ авна. Тухайлбал эрчим хүчний шугамуудад шонхор шувуу өртөж, цахилгаанд цохиулах явдал элбэг байдаг Мөн эрчим хүчний шонгуудыг цэвэрлэх явцад шон дээр үүрлэсэн өндөг нь унах зэрэг эрсдэл байдаг. Тиймээс энэ тал дээр Эрчим хүчний яамтай холбоотой ажиллах боломжтой.
- Идлэг шонхорыг экспортлосон тохиолдолд ямар хариуцлага хүлээлгэх вэ?
- Хуулийн дагуу маш хатуу хариуцлага тооцно. Засгийн газрын тогтоолд орсон хоёр дахь заалт нь хууль бусаар идлэг шонхорыг экспортлох асуудалд хууль, хяналтын байгууллагууд улам их анхаарлаа хандуулж, хариуцлагын хүрээнд маш том арга хэмжээ авах ёстой гэсэн заалт байгаа. Бүр мөнсөн хориглосон учраас эрх биш далимдуулаад гаргах нь гайгүй байх.
- Энэ шувууг хамгаалахын тулд нутгийн иргэдтэй яаж хамтарч ажиллах боломжтой вэ?
- Аймгууд өөрсдөө жил бүр ан, агнуурын төлөвлөгөө гэж гаргадаг. Одоогийн байдлаар манай яаманд дөрвөн аймаг менежментийн төлөвлөгөөгөө явуулсан. Нутгийн иргэд өөрсдөө хэдийг агнах боломжтойг тооцоод яаж хамгаалах, хайрлах вэ гэдгээ цогцоор нь өгдөг л дөө. Үүнийг нь манай яам бодлогоороо засаад хамтран ажиллах боломж байдаг. Гэхдээ идлэг шонхорыг экспортлохгүй л гэж байгаа учраас ийм яриа байхгүй л дээ. Ер нь ховордож байгаа ан амьтныг хайрлаж, хамгаалах нь зөв.
Т.Гэрэл