МАН-ын Бага хурлын үр дүнгийн талаар МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Я.Содбаатар мэдээлэл өглөө.
Тэрбээр "Хуралдаанаар дөрвөн нэр дэвшигчийн асуудлыг хэлэлцсэн. 100 хувийн саналаар дэмжиж, Бага хурлын зааланд гурван нэр дэвшигч нэрээ дэвшүүлж, хоёр нь нэрээ татсан. Бага хурлын үеэр улс төрийн нөхцөл байдал, нийгэм эдийн засгийн холбогдолтой асуулт асууж, бодлогын асуудлаар хэлэлцүүлэг өрнүүлсэн хурал боллоо. Улмаар гишүүдийн 67.84 хувийн саналаар Монгол Улсын Ерөнхий сайдад Г.Занданшатарыг нэр дэвшүүлэхээр боллоо.
Маргааш нэрийг томилуулах саналаа Ерөнхийлөгчид хүргүүлэх болно. Төсөв, эдийн засаг, нийгмийн амьдрал, олон улсын асуудал зэргийг ярилцаж энэ шийдвэрийг гаргасан гэдгийг дуулгахад таатай байна.
Шинэ Ерөнхий сайд томилогдоод бүтэц бүрэлдэхүүний хуулиа оруулж, бодлогоо нээлттэй зарлаад явна.
УИХ дээр МАН олонх буюу 68 суудалтай улс төрийн хүчин. Парламентад 53.6 хувийн саналыг эзэлж байгаа. Тиймээс "Шинэ" Ерөнхий сайд томилогдоно гэж бодож байна. Төлөөллийн төв байгууллагыг бүлэг бүрэн дүүрэн дэмжих ёстой" гэлээ.