
Ганц Н.Энхбаяр биш хүний эрхийг уландаа гишгиж байгаа энэ бусармаг үйлдлийг эсэргүүцэн сайн дураараа өлсгөлөн зарлаж байгаа ээжүүдэд МАХН-ын дэд дарга, Шадар сайд Д.Тэрбишдагва “Та бүхэн эрүүл мэнд, амь насаараа дэнчин тавьж байгаад чинь үнэхээр харамсаж байна. Өнөөдөр ялтан ч бай, хэн ч бай эрхээ эдэлж, эрүүл мэндийн тусламж авч чадахгүй байна гэдэг хүний эрхийг аймшигтайгаар зөрчиж байгаа хэрэг. Энэ бүхнийг бид өөрчилөхийн тулд чадахаараа ажиллах болно” хэмээсэн бол УИХ-ын гишүүн Г.Уянга олон хүүхэд өсгөж хүмүүжүүлж байгаа эхчүүд маань өнөөдөр эрүүл мэнд, амь насаа гаргуунд нь гаргаад сууж байгаад мөн харамсаж байгаагаа илэрхийлсэн юм.
Хүний эрх, эрх чөлөөний төлөө ийнхүү өлсгөлөн зарлаж байгаа ээжүүд Шударга ёс эвслийн удирдлагууд, УИХ-ын гишүүдэд хандаж “Өнөөдөр Хууль зүйн сайд Х.Тэмүүжин хэлэхдээ Н.Энхбаярыг суллах гэж байлаа. Гэтэл давхцаад ээжүүд өлсгөлөн зарлачихлаа. Тэгэхээр ээжүүдээс айгаад сулласан болох нь гэсэн утга бүхий яриаг сонслоо. Тэр хүн ээжээс л төрсөн байх. Гэтэл ийм утгатай зүйл ярьж байгаад үнэхээр гайхаж, эмзэглэж байна. Өнөөдөр ялтан ч бай, хэн ч бай эрхээ эдлэх учиртай. Гэтэл бидний төлөө ажиллах ёстой хүмүүс ийм зан авир гаргаад байхаар бид, бидний үр хүүхдүүд яах болж байна” хэмээн хэлж байсан юм. Нүдэндээ нулимастай эхчүүдийн ийнхүү ярихад Шадар сайд Д.Тэрбишдагва, Сангийн сайд Ч.Улаан, УИХ-ын гишүүн Г.Уянга, З.Баянсэлэнгэ нар удахгүй эхчүүдийн хүсч, зорьж байгаа тэр сайхан цаг ирнэ гэдэгт итгээрэй хэмээн захиж байсан юм.
Сэтгэгдэл (9)