
Эх сурвалжийн мэдээлснээр, ээжүүд өлсгөлөн зарласан нь нөлөөлсөн гэв. Учир нь хуулийн өмнө хүн бүр тэгш эрхтэй байх атал МАХН-ын дарга Н.Энхбаяр элдэв арга саам хэрэглэж байгаа нь хуулийн байгууллагыг айлган сүрдүүлэх арга хэмээн үзжээ. Тиймээс хуулийн байгууллага хуулийнхаа дагуу үйлчилнэ, айлган сүрдүүлэх учиргүй хэмээн ганц худаг руу ачсан гэв.
Уг нь МАХН-ын дарга Н.Энхбаярыг Клиникийн хоёрдугаар эмнэлэг рүү шилжүүлэх нь хэмээн намынхан нь хүлээж байсан. Учир нь Эрүүл мэндийн сайд Н.Удвал 2002 онд батлагдсан Хууль зүй дотоод хэргийн сайд, Эрүүл мэндийн сайдын 313/316 тушаалаар баталсан “Хүнд гэмт хэрэгт шийтгүүлсэн ялтныг клиникийн эмнэлэг төрөлжсөн үйлчилгээний төв, орон нутгийн нэгдсэн эмнэлэгт шилжүүлж эмчлүүлэхийг хориглоно” журмыг хүчингүй болгосон юм. Хэрвээ уг хүчингүй болгосон журмыг Хууль зүйн сайд Х.Тэмүүжин бүртгэж авбал Н.Энхбаярыг Клиникийн хоёрдугаар эмнэлэгт шилжүүлэх байсан юм. Гэвч түүнийг өчигдөр Зайсангийн дамжин өнгөрүүлэх хорих 401 дүгээр ангийн нэгдсэн эмнэлгээс хуучин ганц худаг рүү ачжээ.
Н.Энхбаярыг Клиникийн хоёрдугаар эмнэлэгт хэвтүүл гэсэн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй бол өлсгөлөн зарлаж буй ээжүүд тэмцлийн хурц хэлбэр буюу хуурай өлсгөлөнд шилжихээ мөн мэдэгдээд байгаа билээ. Долоон ээж энэ сарын 9-нөөс эхэлж өлсгөлөн зарласан бол уржигдар оройноос дөрвөн ээж нэмэгдсэн юм. Тэдэнтэй МАН-ын дарга Ө.Энхтүвшин, "МАХН-МҮАН"-ын "Шударга ёс" эвслийн гишүүд, УИХ дахь эмэгтэй гишүүд уулзан, өлсгөлөнгөө зогсоохыг зөвлөөд байгаа билээ.
Б.Чимэг
Сэтгэгдэл (64)