
Түүнийг Зам тээврийн сайд А.Ганхуяг, ҮХААЯ-ны сайд асан Х.Баттулга нартай санал зөрөлдснөөс ажлаасаа халагдсан гэх тайлбар дагалдаж байсан. Тэгвэл тэрбээр хэвлэлд ярилцлага өгөхдөө "Шинэ төмөр зам" төслийг хэрэгжүүлэхэд тэд санал зөрөлдсөн нь үнэн гэжээ. Энэ төслийн хүрээнд Таван толгой-Гашуунсухайт, Таван толгой- Сайн шанд гэсэн чиглэлүүд төмөр зам тавих гэж байгаа бөгөөд алийг нь эхэлж хийх вэ гэдэгт санал зөрсөн аж. Тэрбээр "Төслийн санхүүжилтээ бүрэн босгож чадахгүй энд тэнд далан босговол тэр нь байгальд угаагдаж дэмий хөрөнгө оруулалт болно. Энд тэнд шороо бужигнуулах, тууз хайчлах, хөрөнгө мөнгө завшихыг зарим хүмүүс сонирхоод байх шиг байна. Би лав ингэж чадахгүй гэдгээ хатуу хэлээд л байгаа. Миний тавиад байгаа санал бол Таван толгой-Гашуун сухайт чиглэлд төмөр зам тавья. Ингээд 71 хувь төрийн өмч давамгайлсан “МТЗ-Өмнөд” гэдэг компани байгуулж, 2015-2016 он гэхэд Таван толгойгооос төмөр замаар нүүрс тээвэрлэе гээд байгаа юм. Энэ төсөлд ердөө 230 сая ам.доллар хэрэгтэй болно. Үүнийг бондын мөнгөнөөс хүсэмжлэх гэсэн юм. Гэтэл Гансүх сайд 400 сая ам.доллараар дараа нь ямар ч хэрэг болохгүй далан босгож, бодлогогүй ажилд хөрөнгө зарах гээд байна. Гансүх сайд бид хоёрын саналын хооронд том ялгаа байгаа биз" гэжээ.
М.Энхсайхан Гашуунсухайтын чиглэлд төмөр замаа эхлүүлэх нь илүү ашигтай гэж тооцсон байна. Харин үүнийг нь эсэргүүцсэн сайд нартай тэмцэхээр шийдсэн гэдгээ ч хэлжээ. Тэрбээр "Би улс төрчийн хувьд буруу гарын сайд нартай буруу гараараа тэмцэлдье гээд шийдчихсэн байгаа. Засгийн газрын ажил үргэлж бэрхшээлтэй хэцүү байдаг гэдгийг мэднэ ээ. Хүнийг чагнаж буруу зөвийг ялгах гэж хичээдэг, эвийг олох гэж оролддог Ерөнхий сайдтай байгаа юм байна лээ шүү" гэв. Учир нь түүнийг ажлаас чөлөөлөх хүсэлтийг Ерөнхий сайд эсэргүүцсэн юм байна. Анх М.Энхсайханыг энэ албан тушаалд томилохдоо Н.Алтанхуяг сайд "Таныг энэ ажлыг /төмөр зам тавих/ хийлгэх гэж л энэ албан томилоо" гэж байсан билээ.
24tsag.mn
Сэтгэгдэл (17)