
Энэ ажлын хүрээнд МТШХХГ болон холбогдох газруудын төлөөлөгчид АНУ-ын Вашингтон хотноо 3 дугаар сарын 18-21-ний өдрүүдэд зохион байгуулсан “Satellite 2013” олон улсын хурал, үзэсгэлэнд оролцлоо. Дэлхийн 350 гаруй байгууллага, 12000 гаруй төлөөлөгч оролцсон тус томоохон арга хэмжээнд манай төлөөлөгчид харилцаа холбооны хиймэл дагуул үйлдвэрлэгч, хөөргөгч, даатгагч, оператор, эрсдлийн менежмент, зөвлөх үйчилгээ үзүүлэгч чиглэлээр 20 гаруй уулзалт хийлээ.
Уулзалтын үр дүнд хиймэл дагуулын үйлдвэрлэлийн чиглэлээр дэлхийд тэргүүлэгч АНУ-ын Boeing Satellite System International, Итали-Францын хамтарсан Thales Alenia Space, Европын холбооны Atrium, хиймэл дагуул хөөргөлтийн үйлчилгээний чиглэлээр тэргүүлэгч Францын Arianespace, АНУ-ын SpaceX, Орос-АНУ хамтарсан ILS, мөн харилцаа холбооны оператор үйлчилгээний тэргүүлэгч АНУ-ын Intelsat, SES, Канадын Telesat, өргөн нэвтрүүлгийн оператор компани болох Asia Broadcasting Satellite зэрэг компани Монгол Улсад ирж хамтран ажиллах санал солилцох хүсэлтээ албан ёсоор илэрхийллээ. Уулзалтуудыг 4 дүгээр сарын 15-22-ны өдрүүдэд Гадаад харилцааны яаманд зохион байгуулна.
Түүнчлэн тэмдэглэлийн хүрээнд Япон улсын Эдийн засаг, худалдаа үйлдвэрлэлийн яамнаас гаргасан тандан судалгааны хиймэл дагуул хамтран хөөргөж, ашиглах санал болон Япон улсын JSAT компаний холбооны хиймэл дагуул хамтран хөөргөж, ашиглах саналтай танилцах уулзалтыг 2013 оны 3 дугаар сарын 14-нд зохион байгуулж МТШХХГ, холбогдох яамны төлөөлөл, Сансрын үндэсний зөвлөлийн гишүүд оролцлоо.
Дээрх уулзалтуудын үр дүнг нэгтгэн 4 дүгээр сард багтаан Засгийн газрын хуралдаанд танилцуулахаар ажиллаж байна гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.
Сэтгэгдэл (1)