Өнгөрсөн онд Баянгол дүүргийн нутаг Улаанбаатар Төмөр замын гал командын зүүн талын Нарны зам дээр Д.Энх-Отгон гэгч 30 настай эрэгтэйг дайрч амийг нь хөнөөсөн хэрэг гарсан билээ. Хэргийг өнгөрсөн долдугаар сард прокуророос мөрдөн байцаалтад буцаасан. Түүнээс хойш Замын цагдаагийн газрын Мөрдөн байцаах тасагт шалгаж байгаа. Прокуророос хэргийг буцаахдаа шинээр шинжээч томилж хэрэг дээр ажиллуулах даалгавартай явуулжээ. Үүний дагуу дахин шинжээч томилж хэргийг шалгасан бөгөөд шинжээчийн дүгнэлт гараад байгаа юм билээ. Гэхдээ энэ хэргийг прокурорын шатанд хэрэгсэхгүй болгох магадлалтай байгаа гэнэ. Учир нь түүний хэрэг бусдад нэгэнт тодорхой хэрэг. Гэтэл түүний хэрэгт дахин шинжээч томилуулсан нь хэргийг хэрэгсэхгүй болгох гэсэн оролдлого байж магадгүй гэнэ. Осол гарах үед Д.Энх-Отгон УНН 70-20 улсын дугаартай “Toyoto vitz” маркийн автомашиныг согтуугаар жолоодож явсан байдаг. Тэрбээр талийгаач эрэгтэйг дайрсныхаа дараа УБТЗ-ын гал командын байрны зүүн талаас “Гермес” төвийн урд хүртэл 750 метр газар чирсэн болох нь цагдаагийн ажилтнуудын хэрэг бүртгэх ажиллагааны явцад илэрсэн билээ.
Б.Чимэг
Сэтгэгдэл (1)