Сөүлийн чиглэлд өчигдөр 08.00 цагт хөөрөх байсан МИАТ компанийн “Боинг 767-300” онгоц “Чингис хаан” олон улсын нисэх буудалд таван цаг саатжээ. Учир нь дээрх онгоцыг нисэхийн өмнөхөн техникийн доголдол илэрсэн учраас Сөүлийг зорих байсан 247 зорчигч онгоцны буудлын хүлээлгийн танхимд удаан суухад хүрсэн байна. Тус компанийн энэ жил оруулж ирсэн хоёр том онгоцны техник сүүлийн үед байнга доголдож, зорчигчдыг бухимдуулах болсон билээ.
Энэ талаар тус компанийн Олон нийттэй харилцах албаны мэргэжилтэн Б.Ундралаас тодруулахад “Хөөрөх гэж байсан онгоцонд техникийн доголдол илэрсэн учраас хоёр дахь “Боинг 767-300” агаарын хөлгийг нислэгт бэлтгэх, зорчигчдын ачаа тээшийг өөр онгоцонд шилжүүлэх зэрэгт цаг нэлээд орсон. Тэгээд зорчигчдоо 13.00 цагт Сөүл рүү нисгэлээ. Нөгөө онгоцыг манай инженер техникийн ажилтнууд шалгаж байгаа. Үүний дараа зорчигчдод тайлбар өгөх байх” гэв.
Б.Чимэг