Өнөөдөр Төрийн ордонд ДОХ/ХДХВ-ийн халдвараас сэргийлэх асуудлаар
шилдэг нийтлэл бичсэн зарим сэтгүүлчийг шалгаруулж шагнал гардууллаа.
НҮБ-ын ДОХ-ын нэгдсэн хөтөлбөр, “Оюуны дархлаа” төрийн бус байгууллагаас
хамтран явуулсан уралдаанд сэтгүүлчид нийт 40 гаруй бүтээл оролцуулжээ.

Өнөөдөр Төрийн ордонд ДОХ/ХДХВ-ийн халдвараас сэргийлэх асуудлаар шилдэг нийтлэл бичсэн зарим сэтгүүлчийг шалгаруулж шагнал гардууллаа. НҮБ-ын ДОХ-ын нэгдсэн хөтөлбөр, “Оюуны дархлаа” төрийн бус байгууллагаас хамтран явуулсан уралдаанд сэтгүүлчид нийт 40 гаруй бүтээл оролцуулжээ. Үүнээс, www.niigem.mn вэб сайтын сэтгүүлч Х.Өнөрсайханы “Удахгүй бид нэг тэнгэртэй болно” нийтлэл нэгдүгээр байрт орж, өргөмжлөлийн хамт 300 000 төгрөг гардлаа. Дэд байрт www.time.mn вэб сайтын сэтгүүлч Г.Долгорсүрэнгийн “Амьдралын минь хором бүр үнэтэй”, “Маш нууц” сонины сэтгүүлч Г.Мөнхнасангийн “ХДХВ/ДОХ-оос сэргийлэх талаар хүүхдүүддээ ингэж тусалья” нэртэй бүтээлүүд орж 200 000 төгрөгийн шагнал хүртсэн. Гуравдугаар байрт, “Ардын эрх” сонины сэтгүүлч Б.Болорсүхийн “ДОХ-оос айж болох ч хүнээс айж болохгүй”, “Үндэсний шуудан” сонины сэтгүүлч Х.Ариунбаатарын “Визгүй зорчдог чимээгүй тахал хаалга тогшиж байна”, www.hiimori.mn вэб сайтын сэтгүүлч Р.Мөнхдаваагийн “20 жил үргэлжилж буй өнөөдөр” бүтээл шалгарсан байна. Шагналыг Эрүүл мэндийн сайд С.Ламбаа, НҮБ-ын Суурин зохицуулагч, доктор В.Вивант нар гардуулан өгсөн юм.
Энэ өдрийг дэлхий нийт ХДХВ/ДОХ-оос урьдчилан сэргийлэх чиглэлээр олон нийтэд мэдээлэл түгээж, урьдчилан сэргийлэх арга замыг дэлгэрүүлэх, энэ өвчний халдвар авсан иргэдийг ялгаварлан гадуурхахгүй байх зэрэг чиглэлээр олон талт арга хэмжээ зохион явуулж өнгөрүүлж байна.
Б.Болд