
Г.Оюунболд: Хууль зүйн яам, Монгол банк, Төмөр замыг манадаг Дотоодын цэргийнхэн "цагдаа" болно
-Дөрөвдүгээр сараас Дотоодын цэргийг ЦЕГ-тай нэгтгэнэ гэсэн. Энэ талаар?
-Дотоод цэрэг гэдэг ойлголт дөрөвдүгээр сарын 1-нээс байхгүй болно. Гэхдээ татан буугдах биш шилжиж байгаа хэрэг. Дотоодын цэргийн тухай хууль хүчингүй болж буйтай холбоотойгоор нь цагдааруугаа шилжинэ. Өмнө нь байсан энэ бүтэц олон нийтийн аюулгүй байдлыг хангах албанд харьяалагдан ажиллана гэсэн үг. Угаасаа дотоодын цэргийн албан хаагчид чинь цагдаагийн алба хаагчид шүү дээ. Үүнтэй холбоотойгоор 1000 орчим хүнийг сургах нүсэр ажил явагдаж байна. Өөрөөр хэлбэл тэд цэргийн дэг, цэргийн хуулиар явдаг байсан бол одоо цагдаагийн хуулиар үүрэг хүлээнэ гэсэн үг. Тэгэхээр эдгээр хүмүүсийг цагдаагийн албан хаагчийн ёс зүйд сургахаас гадна ёс зүйн мэдлэг эзэмшүүлэх шаардлагатай болж байна. Үе шаттайгаар сургах шаардлагатай байна. Дотоодын цэргүүд цагдаагийн алба хаагчид болсоноор иргэнтэй харьцаж, үүрэг хүлээх болно. Тэгэхээр иргэнтэй зөв харьцах дадалд сургах шаардлагатай байгаа. Ийм зүйлгүйгээр цэрэг хүний үүднээс иргэнтэй харьцаж болохгүй. ЦЕГ энэ ажлыг хийгээд явж байна.
-Үүрэг чиглэл нь ондоо шүү дээ. Үүнийг яаж зохицуулах юм?
-Дотоодын цэрэг цэргийн хуулиар явдаг. ЦЕГ-ын дарга нь Дотоодын цэргийн командлагч байсан. Өөрөөр хэлбэл, ЦЕГ-ын дарга хэрнээ Дотоодын цэргийн командлагч байсан. Харин Дотоодын цэргийн дарга нь комиссар юм уу бригадын генерал гэсэн цолтой байсан. Тиймээс шинэ хуулиар Дотоодын цэрэг, цагдаа нэг даргатай байх зөв юм байна гэж үзсэн.
Дотоодын цэргүүд бол олон нийтийн аюулгүй байдлыг хангаж, обьектоо мандаг. Одоо янз бүрийн байгууллагуудыг л манаж байдаг. Тухайлбал, Хууль зүйн яам, Монгол банк, Төмөр замыг хангаж байдаг. Тэгвэл эдгээрийг цагдаагийн ажилчид, олон нийтийг хамгаалах үүднээс хамгаалж байна гэсэн үг. Тэр хүн обьект хамгаалахаас гадна иргэдтэй харьцдаг. Тиймээс үүнийг цагдаа хийх ёстой. Цагдаагийн чиг үүрэг юм. Тэгэхээр бид Дотоодын цэргийг цагдаа болгож хандлага, мэдлэг бүгдийг нь өөрчлөх болно.
Э.Эрдэнэжамъян:Дотоодын цэргийнхэн цагдаа нартай ижил цалин авна
-Дотоодын цэргийг ЦЕГ-тай нэгтгэхээр Дотоодын цэргийн чиг үүрэг юу болж хувирах вэ?
Дотоодын цэрэг гээд тусдаа дарга томилогддог нэг газар, ЦЕГ газар гэж бас нэг тусдаа газар бадйаг. Гэтэл хоёулаа гаднаас нь харахад цагдаа, мөн адилхан нийгмийн хэв журмыг хангадаг. Тэгвэл энэ хоёр газрыг нийлүүлээд цагдаагийн байгууллангынхаа дотор байрлахыг нь үүрэгдсэн. Замын цагдаа, Дотоодын цэрэг бүгд л цагдаа шүү дээ. Харин дотроо хэлтэст хуваагдаад л явах юм. Түүнээс биш тэр байгууллага болоод чиг үүрэг нь байхгүй болоод нийгэм хамгаалалтгүй болоод байгаа зүйл байхгүй.
-Орон тооны хувьд хэрхэн зохицуулагдах юм?
-Орон тооны хувьд ч өөрчлөлт гарахгүй. Цагдааг хоёр талд салгасан байсныг нь л нийлүүлж байгаа хэрэг.
-Цалинг нь хэрхэн зохицуулж өгч байгаа юм. Адилхан биш биз дээ?
-Өөр байсан. Одоо бол ижилхэн болж цагдаагийн цалинтай ижил болно.
Д.Ундрах /24tsag.mn/