
Эл арга хэмжээг БНХАУ-ын ӨМӨЗО-ны Ардын Засгийн газар, БНХАУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-ны санаачлагаар БНХАУ-ын ӨМӨЗО-ны Ардын Засгийн газрын хэвлэл мэдээллийн алба, Улаанбаатар дахь Хятадын соёлын төв, ӨМӨЗО-ны гадаадтай соёлоор харилцах нийгэмлэг хамтран зохион байгуулав.
Нээлтэд Монгол Улсын ГХЯ-ны Хөрш орнуудын газрын зөвлөх Я.Ганбаатар, БНХАУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-ны соёл боловсролын зөвлөх, Улаанбаатар дахь Хятадын соёлын төвийн захирал Вэй Хун Шэн, ӨМӨЗО-ны хэвлэл мэдээллийн албаны дарга Баянжаргал, МЗЭ-ийн гүйцэтгэх захирал Г.Мөнхцэцэг нар оролцож, тууз хайчилсан юм.
Монгол Улсын ГХЯ-ны Хөрш орнуудын газрын зөвлөх Я.Ганбаатар, “Энэхүү эрга хэмжээ жилийн турш үргэлжилнэ. Удахгүй БНХАУ-ын Бээжин хотод “Монголын соёлын өдрүүд”-ийг зохион байгуулахаар ГХЯ, ССАЖЯ болон соёл урлагийн байгууллагууд хамтран ажиллаж байна. Энэ хүрээнд гэрэл зураг, уран бичлэгийн үзэсгэлэн, урлагийн тоглолт, Монгол киноны өдрүүд зэрэг арга хэмжээг зохион байгуулна. Цаашдаа хоёр ард түмний харилцаа солилцоог улам өргөжүүлэхээр талууд ажиллаж байна” гэв.
Үзэсгэлэнд соёл, шинжлэх ухаан, боловсрол, эрүүл мэнд, уран зохиолын холбогдолтой 2000 гаруй ном, сэтгүүлийг дэлгэж, монгол уншигчдад хүргэж байгаа юм. Үзэсгэлэн долоо хоног үзэгчдийн хүртээл болно.
Сэтгэгдэл (1)