Буриадын Улаан-Үд хотын нэгэн компанийн захирал шинэ жилийн баярын өдрүүдийг Монголд жуулчилж өнгөрөөхөөр шийджээ. Гэтэл тэрбээр ОХУ-ын хилээр гаргаж болохгүйгээр таслан шийдвэрлэх арга хэмжээ авагдсан хүмүүсийн жагсаалтад орсон байв. Учир нь шүүхээс түүнийг салсан эхнэртээ хүүхдийн тэтгэвэр төлөх шийдвэр гараад нэлээд хугацаа өнгөрсөн бөгөөд уг хугацаанд төлөлгүй хуримтлагдсан мөнгө нь нэлээд хэмжээний өр үүсгэсэн тул хилээр гаргаж болохгүй хүмүүсийн жагсаалтад нэр нь орсон байжээ. Иймээс компанийн захирал төлөвлөсөн хугацаандаа хилээр гарч, гадаадад баяраа тэмдэглэхийн тулд хуримтлагдсан өр болох 58 мянган рублиэ өнгөрсөн сарын 28-ны өдөр бүрэн төлөөд “чөлөөтэй” болсон тухай Улаан-Үд хотын дүүргийн шүүхийн хэвлэлийн төлөөлөгч Александр Мункуевийн мэдэгдсэнийг “Байкал Daily” агентлаг уламжилжээ.

