Ким Чен Ирийн ууган хүү Ким Чен Нам талийгаач эцэгтэйгээ нууцаар салах ёс гүйцэтгэсэн тухай Японы “Ёомиүри Шимбүн” сонин мэдээлэв. Макаод суурин суудаг тэрбээр эцгийгээ нас барсан даруйд Пхеньянд ирсэн бөгөөд хэд хоногийн дараа Хятад руу буцсан гэнэ. Ким Чен Нам нутагтаа ирээд буцахдаа Ким Чоль гэдэг паспорттой явжээ. Өнгөрсөн 26-нд Өмнөд Солонгосын “Ренхап” агентлаг түүнийг Бээжинд ирсэн хэмээн мэдээлсэн боловч тэрбээр олны анхаарлыг татахгүйн тулд Макао руу буцахдаа Хятадын нийслэлээр дайраагүй гэж Японы сонин бичсэн байна. Ким Чен Нам ууган хүүгийн хувьд эцгийнхээ залгамжлагч болох ёстой байсан боловч энэ асуудлыг дэвэргэхгүйн тулд тэрбээр 28-нд болсон оршуулгаас өмнө буцсан гэж “Ёомиүри Шимбүн” үзжээ.