Нэгдүгээр сарын 4-нд “Занаду” арт үзэсгэлэнгийн танхимд Үйлдвэрлэл-Урлалын сургуулийн График дизайны багш, Зураач Л.Амарсанаагийн “Тэнгэрийн дардас” уран бүтээлийн бие даасан үзэсгэлэн нээлтээ хийх гэж байна. Энэхүү үзэсгэлэн нь 2012 оны анхны үзэсгэлэнгүүдийн нэг гэдгээрээ онцлог юм. Үзэсгэлэнгийн нэр нь “Монголчууд бид тэнгэрээс заяатай бөгөөд газарт буухдаа хөх толботой тамгалагдан буусан юм гэсэн утга санааг” илтгэж байгаа гэнэ.
“Тэнгэрийн дардас” үзэсгэлэнд уран зураг,
зураасан зураг, уран бичлэг буюу каллиграфийн урлаг, ваар урлаг, инстоляци,
видео арт зэрэг урлагийн төрлүүдийн нийт 40 гаруй бүтээл нийтийн хүртээл болох
юм байна. Эдгээр бүтээлүүд нь зураачийн мэргэжлийн онцлог болон өөр өөр арга
ажиллагаа, уран сэтгэмж, сэтгэлгээ, дотоод ертөнцийн илэрхийллийг өвөрмөц
шийдэлтэйгээр тусгажээ.
Уран бүтээлчийн бүтээлүүдийн гол агуулга нь түүх болон үндэсний уламжлал, бичиг
соёл, тамга тэмдэгийн дүрслэлүүдээр илэрхийлэгдсэн байх бөгөөд хүний дотоод
сэтгэлийг нээн илрүүлэх эрмэлзэлтэй, өвөрмөц сонин шийдэлтэй байна. Үзэсгэлэн
нэгдүгээр сарын 25-ныг дуустал үргэлжилнэ.