“100 мянган орон сууц” хөтөлбөрт оролцох
сонирхолтой компаниудын дунд зарласан сонгон шалгаруулалтад 185 аж ахуйн нэгж,
байгууллага оролцож, нийт 159 мянган айлын орон сууцны төсөл ирүүлжээ.
Шалгарсан төслүүдийн хөрөнгө оруулагч, хэрэгжүүлэгч аж ахуйн нэгжүүдтэй Үндэсний хороо гэрээ байгуулж буй аж. Уг төсөлд компаниуд хаана,
ямар загвартай, хэдэн айл амьдрах, ямархуу байр барихаа тусгасан. Улаанбаатар
хот, бүсийн тулгуур болон аймгийн төвүүдэд нийтдээ 79486 айлын орон сууц
босгохоор жагсаалтыг нь Засгийн газар баталсан. Үүнээс Улаанбаатарт 55, бүсийн
тулгуур болон аймгийн төвд барих орон сууцны 32 төсөл бэлэн болжээ. “100 мянган
орон сууц” төслийн эхний шатыг энэ онд хэрэгжүүлж дуусгана. Өнгөрсөн жилээс 54
компани Улаанбаатарт 68 мянган айлын орон сууцны суурь тавьж, зарим нь барилгаа
бариж эхэлжээ. Үүний зарим нь энэ онд ашиглалтанд орно. Тэгэхээр анх удаа
байртай болох гэж буй тогтмол орлоготой, түүнээсэ сар бүр зээлээ, хүүтэй нь
төлөөд явж чадах иргэд барилгаа барьж эхэлсэн компанитай гэрээ байгуулах
хэрэгтэй гэнэ. Түүний дараа арилжааны банкинд хандаж, жилийн зургаан хувийн
хүүтэй зээл авна. “100 мянган орон сууц”-ны зээлийг аль банкаар дамжуулж
олгохыг гуравдугаар сард багтаан шийдүүлэхээр Сангийн яам ажиллаж байна.
Т.Энхэлээ