2013 онд нарны хэт идэвхжил болж, дэлхий дээрх харилцаа холбоонд доголдол, гэмтэл учрах тухай АНУ-ын сансар судлалын төвөөс мэдэгдлээ. Нарны энерги ойролцоогоор 22 жилийн давтамжтайгаар ихэсч буурдаг байна. Мөн барагцаагаар 10 жил тутамд наран дээрх дэлбэрэлтүүд ихэсч, багасдаг аж. Гэтэл ирэх жил буюу 2013 онд дээрх хоёр давтамж хоёулаа тохиосноор хэт идэвхжил болох гэнэ. Цацраг идэвхт туяа хэт идэвхжисний улмаас сансрын холбоогоор ажилладаг хэрэгслүүд, агаарын тээвэр, банкны систем, машины зүг чиг тодорхойлогч зэрэг олон зүйл ажиллагаагүй болох гэнэ. Түүнчлэн баруун Европын бүс нутагт удаан хугацаагаар тог тасарч болзошгүй байгаа аж. Эдгээр гэмтэл, хохирлоос урьдчилан сэргийлэхийн тулд аюулыг урьдчилан мэдээлэх систем боловсруулах хэрэгтэй гэж НАСА-ын нарны физик судлалын хүрээлэнгийн захирал Ричард Фишер мэдээлжээ. Гэхдээ дэлхий дээрх бүх дэд бүтцийн систем, хэрэгслийг хамгаалах боломжгүй гэнэ. Сансрын хиймэл дагуулыг “унтуулах”, техник хэрэгслийг унтраах зэргээр хохирлыг багасгах л боломжтой гэж тайлбарлаж байна. Хэдий тийм боловч хохирлын хэмжээ нь урьдчилсан тооцоогоор 2 500 000 000 000 ам.доллар байх аж.
Б.Болдсүх