Сэлэнгэ аймгийн Баянгол сум буюу Баруунхараад өнгөрөгч арванхоёрдугаар сарын 25-26 шилжих шөнө автомашин дэлбэлж, эздээс нь мөнгө нэхсэн хэрэг гарсан билээ. Уг хэргийг ЭЦГ-ын ажилтнууд орон нутгийн цагдаагийн газар хэлтсийнхэнтэй хамтран эрэн сурвалжилсны дүнд шинэ он солигдохын өмнөхөн гэмт этгээдүүдийг олж саатуулсан байна. Орон нутгийн цагдаагийн байгууллагын эх сурвалж “Монголд анх удаа террорист гэж хэлж болохуйц халдлага болж, иргэдээс мөнгө нэхсэн хэрэг гарсан. Кинонд гардаг үйл явдал болсон гэхэд хилсдэхгүй. Өнгөрсөн сарын 26-ны 04.00 цагт уг дэлбэрэлт болсон. Гэмт этгээдүүд машиныг дэлбэлсний дараа эзэн рүү нь утсаар холбогдож “Шаардсан мөнгийг өг, эс тэгвэл гэр бүлд чинь муу зүйл болно. Цагдаад хэлбэл амийг чинь хөнөөнө” хэмээн сүрдүүлж ярьсан байгаа юм. Хэргийн газрын үзлэгээр суудлын автомашины дор нь уул уурхайн зориулалттай тэсрэх бодис тавьж дэлбэлсэн байна” гэв. Харин ЭЦГ-ынхнаас энэ талаар лавлахад “Манай ажилтнууд шуурхай эрэн сурвалжилсны дүнд гэмт этгээдийг арванхоёрдугаар сарын 31-нд саатуулаад Зүүнхараагийн Цагдаагийн хэлтэст шалгаж эхэлсэн” гэлээ.
Б.Чимэг