Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Ли Мён
Бак хоёр орны харилцааг шинэ түвшинд гаргахын тулд харилцааны шинэ эрин үеийг
эхлүүлэх саналыг Хойд Солонгосын талд тавьсан байна. Түүний тавьсан саналын гол
зорилго нь Солонгосын Хойгт энх тайван, тогтвортой байдлыг бий болгох явдал
гээд, Их дарангуйлагч асан Ким Жон Ил насан эцэслэж, бид бүхэнд олон жилийн
турш хаагдмал байсан хөрш улстайгаа харилцаагаа сэргээх үүд хаалга
нээгдэж байна хэмээн шинэ жилийн баярыг тохиолдуулан ард түмэндээ хандаж хэлсэн
үгэндээ онцолжээ.
Тэрээр Өмнөд Солонгосын томоохон телевизийн шууд нэвтрүүлгээр дамжуулан, Хойд
Солонгосын тал цөмийн хөтөлбөрөө зогсоовол, Өмнөд Солонгос хөрш
орноо эдийн засгийн хувьд дэмжин ажиллаж, шаардлагатай тусламж үйлчилгээг
үзүүлэхэд хэзээд бэлхэн байгаагаа илэрхийлсэн байна.
Хэрхэхийг нь таашгүй нууцлагдмал гүрнээс ямар халдлага ирэхийг урьдчилан хэлж
мэдэхгүй учраас өндөржүүлсэн бэлэн байдал, хараа хяналтаа сулруулахгүй гэдгээ x
мөн мэдэгджээ.
Хойд Солонгосын нэгэн хэвлэлийн шинэ оны анхны дугаарт нийтлэгдсэн
материалд АНУ-ын 28500 цэрэг Өмнөд Солонгост суурьшиж байгаа нь Солонгосын
Хойгт энх тайвныг цогцлоон бий болгоход гол бэрхшээлийг үүсгээд байна хэмээн
хэлсэн байна .
Түүнчлэн, Хойд Солонгосын төрийн мэдээллийн агентлаг KCNA баасан гарагт
Үндэсний Батлан Хамгаалах Хорооны хийсэн “Пхенян хот Өмнөдийн засгийн газартай
ямар нэгэн гэрээ хэлэлцээр хийхгүй” гэсэн мэдэгдлийг онцлон мэдээлжээ.
Ли Мён Бак даваа гарагт
хийсэн мэдэгдэлдээ Өмнөд Солонгос улс 2012 онд эдийн засгийн томоохон
сорилтуудыг даван туулах шаардлага гарч ирж болзошгүй байгааг дурьдаад, шинэ
онд хэрэглээний бүтээгдэхүүний үнийг тогтвортой барих тал дээр анхаарч ажиллах
шаардлагатай байгааг хэлэв.
Өмнөд Солонгос улсын хувьд 10 триллион вон буюу 8,6 сая ам.долларыг шинэ ажлын
байр бий болгоход зарцуулахаар төсөвлөөд байгаа бөгөөд наслалт өндөртэй орны
хувьд шинээр мэндлэх хүүхдийн тоог нэмэгдүүлж, бага насны хүүхэдтэй өрхүүдийг
халамжийн бодлогоор дэмжиж ажиллахаа амлажээ.