МАХН-ын дарга Н.Энхбаяр УИХ-ын гишүүд болон төрийн өндөрлөгүүдэд шинэ
жилийн мэндчилгээ илгээв. Шинэ оны баяр хүргэж мэндчилгээ илгээх нь
Монголд төдийгүй дэлхийд тогтоод удаж буй уламжлал ч Н.Энхбаярынх шиг
мэндчилгээг өмнө нь хэн ч явуулж байгаагаагүй гэж мөрийцье. Шинэ жилийн
мэндчилгээний хуудсанд уг нь гацуур мод, өвлийн өвгөн, ядахдаа цасан
ширхэг байдаг.

МАХН-ын дарга Н.Энхбаяр УИХ-ын гишүүд болон төрийн өндөрлөгүүдэд шинэ жилийн мэндчилгээ илгээв. Шинэ оны баяр хүргэж мэндчилгээ илгээх нь Монголд төдийгүй дэлхийд тогтоод удаж буй уламжлал ч Н.Энхбаярынх шиг мэндчилгээг өмнө нь хэн ч явуулж байгаагаагүй гэж мөрийцье. Шинэ жилийн мэндчилгээний хуудсанд уг нь гацуур мод, өвлийн өвгөн, ядахдаа цасан ширхэг байдаг. Гэвч энэ ойлголтыг эвдэж Н.Энхбаяр шинэ мода дэлгэрүүлэв. Түүний эелдэг, найрсаг үгтэй мэндчилгээний хавтсанд үлгэрт гардаг арван таван толгойтой атгаалжин хар мангасыг дарж буй нисдэг морь унасан баатрын зураг хэвлэсэн байх юм. Зургийн тайлбар нь “Арван таван толгойтой атгаалжин хар мангасыг дарав”. Энэ нь “Шинэ оны мэнд дэвшүүлж, танд болон таны гэр бүлд хамгийн сайн сайхан бүхнийг хүсье” гэсэн үгэнд тохирохооргүй хавтас биш гэж үү? Ингээд эргэцүүлвээс эл мэндчилгээний гол санаа нь шинэ жилдээ бус атгаалжин хар мангасандаа байгаа бололтой. Таамаглаж, тааварлахын ч хэрэг алга. Н.Энхбаяр хүсэл зориг нэгт нөхдийн хамт “дахин төрөхдөө” төрийн эрх барьж буй хүмүүсийн зургийг арван таван толгойтой атгаалжин хар мангас болгон эвлүүлж, олигархуудаас төрөө цэвэрлэнэ, шударга бус байдлыг зогсооно хэмээж байсныг нэхэн саная. Муу болгоноор нэрлүүлж сурсан УИХ-ын гишүүд, сайд нарыг мангастай дахин зүйрлэсэн нь тодорхой биз ээ. Ард олныг хамгаалдаг эрэлхэг баатар нь ч яах аргагүй Н.Энхбаяр мөн дөө, мөн. Ц.Нямдоржоос эхлүүлээд өөрийнхөө “хар ном”-д орсон олигархуудтай тэмцэхээ зарласан түүний ээлжит сюрприз нь, олны анхаарлыг татах тэмцлийн “хурц” хэлбэр нь бололтой. Ямар ч байсан тэр анзаарагдаж чадав. Мэндчилгээг авсан эрхмүүд хавтасыг нь хараад зог тусаж, баахан гайхсан гэсэн. Н.Энхбаяраас хайрын захидал ирэхгүй ч өөрсдийг нь айхтар мангастай зүйрлэсэнд жаахан жаахан гомдсон бололтой ярьцгааж байна. Харин өөрийгөө баатартай зүйрлэсэн МАХН-ын даргадаа зөвхөн томчууд гэлтгүй хүүхдүүд ч үлгэрт итгэхээ больсон “хэцүү” цагт бодит амьдралд үлгэр биелдэгийг харуулах гэж зүтгэж буйд талархвал зохилтой. Зургаан сарын дараа болох УИХ-ын сонгууль мань баатарт мангасаа “дарах” том боломж олгож байгаа юм. Тэр үеийн тэмцлээ энэ удаа сануулан мэндчилэв бололтой.