Сүүлийн үед урлаг соёлынхон төрийн ордонд тоглолтоо хийдэг хэв маяг дэлгэрчээ. Хамгийн сүүлд л гэхэд төгөлдөр хуурч Б.Чинбат “Давтагдашгүй”
тоглолтоо хийсэн. Харин энэ удаа “DOZ entertainment”-ийн захирал
Ш.Доржсүрэн өөрийн найруулсан
“Хөх толбот хүмүүс” уран сайхны киногоо төрийн ордонд нээхээр бэлдэж
байгаа гэнэ. Киноны нээлт энэ сарын 11-нд Төрийн ордны ардын их хурлын танхимд
болно. “Хөх толбот хүмүүс” киног ордонд
нээлтээ хийх сургаар хэвлэлийнхэн болон ард иргэд дургүйлхэн хүлээж аваад
байгаа билээ.Энэ тал дээр ямар байр суурьтай байгааг нь тодруулахаар “Doz entertainment”-ийн захирал Ш.Доржсүрэнтэй уулзаж ярилцлаа. Тэрээр
хүмүүсийн дургүйцэлд ийнхүү хариу өгч байна.
- Таны найруулсан “Хөх толбот хүмүүс” кино төрийн ордонд нээлтээ хийх нь үнэн үү ?
- Ардчилсан шинэ үндсэн хууль батлагдсаны ажлын хүрээнд киногоо нээнэ. 1 сарын 11-нд төрийн ордонд нээлтээ хийгээд 12-ноос эхлээд Тэнгис, Өргөө, Соёмбо кино театруудад гарна. Үүнийг TV9 телевиз шууд дамжуулж байгаа болохоор үйл явдлууд нь илүү тодорхой болох байх.
- Яагаад төрийн ордныг сонгож нээлтээ хийхээр болсон юм бэ?
- Энэ кино нэрнээсээ авахуулаад “Хөх толбот хүмүүс” гэдэг нэртэй байна шүү дээ. Ардчилсан хувьсгал гарснаас хойш Монголд янз бүрийн зүйлүүд өөрчлөгдлөө. Үүний дотроос хүмүүс нэг зүйлийг алдаж эхэлсэн. Энэ нь монгол хүн өөр өөрийгөө эрхэмлэх, хайрлах бахархах зүйл нь алга болоод хаягдчихсан байна. Жишээ нь бид уртын дуу, морин хуураа үзэж, сонсож, дэмждэг боловч монгол хүнээ мартаж эхэлжээ. Тэгэхээр Монгол нутаг, монгол хүн өөрөө үнэ цэнэтэй юм гэдгийг харуулахыг зорьсон. Харийн нутагт очиж амьдарсан нэг залуугийн түүхээс сэдэвлэж хийгдээд гарч байгаа кино юм. Төрийн ордон гэдэг бол Монгол улсын тархи шүү дээ. Тэнд сууж буй УИХ-ын гишүүд, засгийн газрын гишүүд, АИХ-ын хурлын гишүүд, урлаг соёлын одууд, үзэгчдийн төлөөлөл үзнэ. Тэгэхээр киноныхоо утга агуулгыг үзэгчдэд ойлгуулахын тулд нийслэлийн төв цэг төрийн ордноос эхэлж байгаа юм. Түүнээс инээдмийн ч юм уу, алаан хядаантай хулгай луйвартай киног төрийн ордонд нээх бол утгагүй шүү дээ. Ганцхан монгол хүний тухай өгүүлж байгаа учраас төрийн ордонд нээгдэх үнэ цэнэтэй кино гэсэн үг юм.
- Киноны нээлтээ төрийн ордонд хийх гэж буйг чинь зарим хүмүүс дургүйлхэж хүлээж авч байгаа. Хэвлэлүүдээр ч шүүмжилсэн өнгө аястай материалууд гарч эхэлсэн байна? Шүүмжлэх нь зөв үү?
Энэ бол нэг талдаа ортой зүйл. Үүнийг шууд үгүйсгэж болохгүй. Хүмүүсийн бодлыг хүндэтгэх хэрэгтэй шүү дээ. Төрийн ордон бол монгол улсын төрийн ажлаа явуулдаг газар. Гэхдээ бид ордныг кино театрын хэмжээнд ашиглаад өдөр бүр хүмүүсийг тийш нь оруулаад л киногоо гаргаад байвал нэг хэрэг болно. Харин ёслол хүндэтгэлийн байдалтайгаар шинэ үндсэн хууль батлагдсаны ойд зориулж нээж байна гэдэг энэ кинотой хамт төрийн ажил давхар явагдаж байна гэсэн утгатай юм л даа. Өмнө нь засгийн газрын ордонд дуучин Д.Болд тоглосон бас хэд хэдэн кино нээлтээ хийж л байсан. Тэр уран бүтээлчдийн өөрсдийнх нь үзэл санааг би өмнөөс нь дүгнэж цэгнэж ярих утгагүй. Ганцхан бидний хийсэн кино монгол хүний тухай өгүүлдэг учраас төрийн ордонд гаргах эрхтэй. Нөгөө талаасаа төрийн ордон бол хүн орж болдоггүй газар биш. Америкийн Цагаан ордон гэхэд нээлттэй л байдаг. Манайх л хаалгаа бариж, хэдэн хүмүүсийг хашчихаад байдаг болохоос. Төр засгийн ордон гэхээр тусдаа хор найруулдаг газар байх ёстой юм шиг ойлгодог. Энэ бол ардчилсан Монгол улс. Хоёрдугаарт урлаг бол хүмүүсийг хөгжүүлэх оюун тархинд нь хүрэх ёстой үнэтэй цэнэтэй зүйл шүү дээ. Тийм учраас урлагийн бүтээлийг тэнд үзүүлнэ гэдэг тийм ч муу, хүмүүсийн үзэн ядаад байхаар зүйл биш гэж бодож байгаа.
- Нэр алдар цаашлаад хөрөнгө мөнгө хөөсөн тийм санаа бодол байхгүй гэсэн үг үү?
- Ерөөсөө л киноны утга санаатай холбогдож байгаа. Ж.Сүхбаатар гишүүн бид хоёр хоорондоо ярилцаад монголчууд цаашлаад их хурлын гишүүдэд үзүүлье гэсэн юм.
Гишүүд тэр болгон театрт очоод кино үзээд байдаг хүмүүс биш шүү дээ. Ажил ихтэй ч байдаг болов уу, нэр хүндний ч асуудал байдаг болов уу? Хоёрдугаарт хөдөө орон нутгаас хууль батлалцсан 312 гишүүн ирж байгаа. Тэд нарыг хуралд суулгасаар байгаад явуулах гэдэг явцуу. Тиймээс “Хөх толбот хүмүүс” киног үзүүлэх нь хурлын арга хэмжээний нэг хэсэг болж байгаа юм. Манайхан бол гавьяа шагнал авах гээд л, эсвэл нэр хүнд хөөж, төрийн ордонд киногоо нээж төрийн соёрхолт авах гэж байгаа юм байлгүй гэх мэтээр харддаг л даа. Миний хувьд бол шагнал хөөцөлддөг хүн биш ээ. Гавьяа шагнал гэдэг бол хуучин социализмын нийгмээс үлдсэн зүйл байхгүй юу. Мөнгийг нь өгч чадахгүй болохоор тэмдэг зүүж өгч сэтгэлийг нь хуураад байна. Энэ бол аргаа ядсан арга. Бид ядарч, зүдэрч хөлсөө гаргаж хийсэн монгол хүний тухай өгүүлж байгаа киногоо л хүмүүст хүргэх гэсэн юм. Нэг талаасаа төрийн түшээд бол үзэгч. Тэр үзэгчдэд монгол хүний үнэ цэнийг тодорхой хэмжээнд мэдрүүлж, сэхээрүүлж хэний төлөө ажиллаж байгааг нь ойлгуулж өгөхыг л хүсч байгаа юм.
- Төрийн ордонд урлагийн арга хэмжээ зохиоход ямар газраас зөвшөөрөл авдаг юм бэ?
- Энэ бол их ээдрээтэй. Нилээн нарийн дэг журамтай. Дуртай хүн болгон ороод өөрийнхөө уран бүтээлээ гаргадаггүй л юм шиг байна лээ. Монгол улсын төрийн ордон дотор ямар хүмүүс орж ажиллах юм. Ямар хүмүүүс орж үзэх ёстой юм гээд бүх зүйл нарийн төлөвлөгөөний дагуу явдаг. Жишээ нь төрийн ордны хамгаалалтын албаны даргаас зөвшөөрөл хүссэн албан бичиг аваад үзэх бүх хүмүүсийн нэрс урилга хоёрыг үзэж түүний дараа тамга тэмдэгээ дарж байж оруулдаг журамтай юм байна. УИХ-ын хурлын Тамгын газар үүнийг хариуцаж шийддэг. Шинэ үндсэн хууль батлагдсаны ойг зохион байгуулж байгаа ажлын хэсгийнхэны ажил болоод явж байгаа. Түүнээс зөвхөн “Doz entertainmant”-ийн учиргүй өөрсдөө хөөцөлдөж байгаа ажил биш.
- Та хэр удаан хөөцөлдсөн бэ?
- Албан бичгийн дагуу 7-14 хоног хөөцөлдсөн. Одоо ч гэсэн бид нарын ажил дуусаагүй л явж байна.
- Таны кино ямар шалгуурыг давж төрийн ордонд нээлтээ хийх эрхийг авсан юм бэ?
- Магадгүй төрийн ордонд хурц адал явдалтай кино гаргая гэвэл тамгын газрынхан зөвшөөрөхгүй. Төрийн ордонд буудалцсан, алалдаж хядалдсан цус нөж болсон кино гаргаад сууж байна гэдэг нэр хүндийн хувьд ч тэр уран бүтээлч хүмүүсийн хувьд ч хаалттай болоод явчихна. Киноны утга санааг харахад төрийн ордонд нээхэд харшлаад байх зүйлгүй.
- Киноны нээлт хийхэд ямар нэгэн байдлаар төлбөр төлдөг үү?
Тийм зүйл байхгүй. Яагаад гэхээр энэ бол бизнесийн байгууллага биш шүү дээ.
- Франц улсад киноныхоо нээлтийг хийсэн. Хэр амжилттай болсон бэ?
- Францад бид нар нилээн түгшиж байсан хийсэн. Яагаад гэвэл Францын кино театрт хэр баргийн кино нээлтээ хийгээд байдаггүй. Манай кино бол нилээн олон шалгуурыг давж гарч ирсэн. Олон зуун жил кино үйлдвэрлэж ирсэн том орон учраас бүх зүйл нь нарийн дэг жаягтай байдаг. Яамны хэмжээний том кино алба байдаг юм байна лээ. Түүний шалгуураар орсон. Бид бор зүрхээрээ бүгдийг хийгээгүй. Бидэнд Парис хотын дарга их тусалсан. Монгол улсад кино урлаг хөгжиж байгааг тэр хүн дэмжсэн. Кино нээлтэнд Парис хотын дарга өөрөө ирж амжаагүй ч киноны албаны хүмүүс, судлаач шүүмжлэгчид ирсэн. За мөн Франц үзэгчид ирсэн. Яагаад гэхээр Уудам гэдэг Өвөрмонголын хүү бол дэлхий даяар 800 сая орчим шүтэн бишрэгчтэй. Уудамын шүтэн бишрэгчид түүний тоглосон киног үзэх гэж ирж байна. Дээр нь Францад амьдарч буй монголчууд энд тэндхийн хотоос ирж үзсэн. Урьд Монголоос очсон хүмүүс урлагийн тоглолт хийгээд дүүрээгүй тэр кино театр дүүрэн үзэгчтэй болсон. Францын тэр том кино театрт киногоо нээж байдаг, гадаадын нэр хүндтэй хүмүүс үзээд байдаг би дотроо айдастай байсан. Уран бүтээлчид бол баяр хүргэж байгаа хүмүүсийн нүдийг хараад тухайн хүний бодол санааг мэддэг болчихдог байхгүй юу. Үнэнгээсээ баяр хүргэж байгаа хүн бол нэг өөр байдаг. Зүгээр урам бодож баяр хүргэж байгаа хүн бас л нэг өөр байдаг. Тэгсэн үзэгчид нүдэндээ нулимстай гарч ирээд баяр хүргэсэн. Киног ирж үзсэн Оросууд ойлгоогүй мөртлөө хөгжмийг нь ямар гоё юм бэ гэж хэлж байсан. Хөгжмийн зохиолчоор Алтан ураг хамтлагийн ахлагч Эрдэнбат ажилласан юм. Тэнд амьдарч буй монголчууд маань үнэхээр сайхан хүлээж авсан. Тэднийг хараад өөрсдөөрөө бахархаж суулаа.
Ш.Доржсүрэн найруулагч удахгүй нээлтээ хийх киноныхоо талаар ийнхүү ярьж байгаа бол УИХ-ын зарим гишүүд энэ тал дээр ямар байр суурьтай байгааг сонирхуулъя.
УИХ-ын гишүүн Н.Ганбямба: Ёслолын албаны дүрэм журмын
талаар чуулган дээр ярихад болохгүй зүйлгүй
- Төрийн ордонд урлагийн тоглолт зохион байгуулах нь хэр зохимжтой байдаг юм бол оо?
- Төрийн ордонд уг нь иргэд чөлөөтэй орж, үйл ажиллагаа явуулах эрхтэй байх ёстой л доо. Гэхдээ бас төр төмбөгөр, ёс ёмбогор гэж тодорхой журам байдаг л даа. Энэ танхимд нэг л урлагийн хүн тоглолтоо хийсэн бол бусад нь ч бас хийх эрхтэй. Өөрөөр хэлбэл энд ноёны бөх, ноёны бөх биш гэсэн ангилал байж болохгүй. Д.Болд “Монгол поп” гэдэг тоглолтоо хийсэн л бол Д.Чинбат ч гэсэн тоглолтоо хийх эрхтэй.
- Урьд нь ийм тоглолт болдоггүй байснаа гэнэт урлагийнхан тоглолт, киноны нээлтээ төрийн ордонд хийхээр хошуурах боллоо. Төрийн ордонд тоглолт хийх зөвшөөрөл өгөх нь хавтгайраад байх шиг ээ?
- УИХ-ын тамгын газрын дарга Ц.Шаравдорж гуай ярьж байгааг зурагтаар сонссон л доо. Энд хийсэн эхний тоглолтын зөвшөөрлийг би өгөөгүй гэж байсан. Тэгэхээр олон толгойтой байдаг юм шиг байна лээ. Уг нь бол дүрэм журам нь нийтэд адилхан үйлчилдэг байх ёстой. Миний хувьд ёслолын албаны дүрэм журмуудыг сайн мэдэхгүй юм. Гэхдээ таны ярьж байгаа энэ саналыг УИХ-ын чуулган дээр ярихад болохгүй зүйл байхгүй л дээ.
УИХ-ын гишүүн Н.Батбаяр: Би бол дэмий гэж бодож байна
Төрийн ордонд урлагийн арга хэмжээ зохиогдох нь хэр зохимжтой санагддаг вэ?
- Ер нь төрийн ордоноо монголчууд их хүндэлж дээдэлдэг. Яахав, уран бүтээлчид тоглолтоо хийхэд буруутгаад байх зүйлгүй. Гэхдээ монголчууд аливаа юмыг хавтгайруулах гээд байдаг. Хэрэв хошин шогийн жүжигчид тоглолтоо хийх юм бол нураагаад хаячихна биз дээ. Би бол дэмий гэж бодож байна.
Т.Хулан