Сүүлийн үед иргэд цахилгаан хэрэгслээ салгалгүй залгаатай мартсанаас болж гал түймэр гарах нь ихэсчээ. Өнгөрсөн хоногт НОБГ-ын аврагч, гал сөнөөгчид галын түймрийн найман дуудлагаар гарч ажиллажээ. Үүнээс хоёр нь цахилгаан хэрэгслээ залгаж орхисноос болсон ба нэг иргэн угаартаж эмнэлгийн тусламж авсан байна. Тодруулбал, Баянгол дүүргийн нэгдүгээр хороо, Алтай хотхоны байрны айлаас утаа гараад байна гэх дуудлагын дагуу очиход тус айлын эзэн цахилгаан зуухан дээрээ савтай зүйл залгаатай орхисноос утаа гарч, өөрөө угаартжээ. Мөн Баянзүрх дүүргийн тавдугаар хороо, 15 дугаар хорооллын байрны оршин суугч цахилгаан зуухан дээрээ савтай зүйл залгаатай орхисон байсан аж. Иймээс НОБГ-аас иргэдийн хайхрамжгүй, бас мартамхай байдлаас болж гал түймрийн дуудлага нэмэгдсээр байгааг анхааруулж байна.
Б.Чимэг