Дорнод аймгийн Хэрлэн сумын нийтийн орон сууцанд гал түймэр гарсны улмаас 85 иргэн орох оронгүй болоод байгаа билээ. Дээрх хүмүүст гэр олгох хүсэлтийг аймгийн Онцгой комиссоос Улсын Онцгой комисст тавиад байгаа. Орон гэргүй болсон иргэдэд Улсын нөөцөөс гэр олгох хөрөнгийн асуудал өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэгдсэн юм. Энэ талаар Улсын Онцгой комиссын Нарийн бичгийн дарга, онцгой байдлын хошууч М.Энх-Амараас тодрууллаа.
-Дорнод аймгийн Хэрлэн сумын нутагт гарсан гал түймэр юунаас болсон бэ. Орон гэргүй болсон хүмүүс одоо хаана амьдарч байгаа вэ?
-Өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 28-29-нд шилжих шөнө Дорнод аймгийн Хэрлэн сумын зургадугаар баг, Ивээл хорооллын 17 дугаар байранд гал түймэр гарсан. Дуудлагаар аймгийн Онцгой байдлын хэлтсийн Аврах, гал унтраах анги гурван минутын дотор очиж, галыг бүрэн унтраасан байгаа. Тухайн барилга нь 1968-1969 онд Оросын барилгын цэргийн ангийн алба хаагчдын түр оршин суух зориулалтаар баригдсан, нэг давхар модон барилга байсан. Олон жил ашиглагдсан учир барилгын модон эдлэл муудсан нь галыг богино хугацаанд тархан дэлгэрэхэд хүргэсэн байгаа юм. Уг нь барилга Мэргэжлийн хяналтын газрын барилга техникийн хяналтын улсын байцаагчийн актаар ашиглах боломжгүй нь тогтоогдсон байсан юм билээ. Гал түймэрт 22 айл өртөж, эдгээр өрхийн 85 иргэн орон гэргүй болсон, одоогийн байдлаар зургадугаар багийнхаа ажлын албаны байранд амьдарч байна.
-Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар уг өрхүүдэд гэр олгох асуудал орсон, яаж шийдвэрлэгдсэн бэ?
-Өвлийн хүйтэн энэ үед орон гэргүй болоод байгаа дээрх 22 өрхийн асуудлыг Монгол Улсын Шадар сайд, Улсын Онцгой комиссын дарга М.Энхболд шуурхай авч хэлэлцэж, өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар Улсын нөөцөөс иж бүрэн 22 гэр олгохоор болж, түүнийг тээвэрлэн хүргэх зардлын асуудлыг хэлэлцэн шийдвэрлүүлсэн. Гал түймэрт өртсөн эдгээр айлууд тун удахгүй гэрээ гардан авахаар болсон.
Б.Чимэг