Өнөөдөр 17 цагаас Нийслэлийн Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд Алтай констракшны нэхэмжлэлтэй, Хотын даргыг хариуцагчаар татсан давж заалдах шатны шүүх хурал эхэлсэн билээ. Гэвч шүүх хуралд оролцох байсан “Алтай констракшн” компанийн өмгөөлөгч өвчний улмаас оролцож чадаагүй тул шүүх хурал найм хоногоор хойшилж, ирэх долоо хоногийн пүрэв гаригт болохоор болжээ. Анхан шатны шүүх хурал өнгөрсөн оны наймдугаар 31-нд болж, нийслэлийн засаг даргын 370 тоот захирамжийг хууль бус хэмээн үзэж Алтай констракшны талд шийдвэрээ гаргасан юм. Гэвч шүүхийн шийдвэрийг Хан-Уул дүүргийн иргэд эсэргүүцэж гомдол гаргаснаар гуравдагч этгээдийн хүсэлтээр шүүх хурал болж байгаа юм. Хэргийг сөхвөл өнгөрсөн хавар Хан-Уул дүүргийн нэгдүгээр хорооны 120 мянгатын автобусны буудлын хажууд байрлах 0,9 га газарт “Алтай констракшн” ХХК-ынхан орон сууц барих ажил эхлүүлсэн. Гэвч оршин суугч, дүүргийн ИТХ-ын гишүүдийн хүсэлтээр тус компанийн газрын зөвшөөрлийг хотын дарга Г.Мөнхбаярын 370 тоот захирамжаар газар эзэмших эрхийг нь цуцалж байсан юм.
Б.Чимэг