Өнгөрсөн Баасан гарагт эхэлсэн АНУ-ын Калифорни мужийн гоо бүсгүй шалгаруулах тэмцээнд ижил хүйстэн хоёр бүсгүй оролцож байгаа нь хэвлэлийнхний анхаарлыг татаж байна.
Өнгөрсөн Баасан гарагт эхэлсэн АНУ-ын Калифорни мужийн гоо бүсгүй шалгаруулах тэмцээнд ижил хүйстэн хоёр бүсгүй оролцож байгаа нь хэвлэлийнхний анхаарлыг татаж байна. Энэ тэмцээний 60 жилийн түүхэн дэхь ижил хүйстэн гэдгээ ил тодоор мэдэгдсэн анхны бүсгүйчүүд болж буй 26 настай Женелль Хатчерсон, 19 настай Молли Томас нарын намтар түүхийг сонинууд бусад бүсгүйчүүдийнхээс илүүгээр хөндөж байгаа бөгөөд нэгнийх нь намтарт Монголын нэр явж байгаа нь сонирхол татав. Баруун Холливүүдэд амьдардаг М.Томас хоёр жилийн өмнө Монголын хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд туслах сайн дурын аянд оролцож байжээ. Тэрбээр Монголд ирж хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй айлд хэд хоног амьдран, гэр орных нь ажил, уг хүүхдийг асран хүмүүжүүлэхэд тусалсан төдийгүй хувиасаа багахан хэмжээний мөнгө хандивлаж байсан гэнэ. Хүмүүнлэг, буяны ажилд оролцох дуртай тэрбээр үүнээс гадна Австралид ой нөхөн сэргээх, Тайландад заан хамгаалах, хар салхинд нэрвэгдсэн Америкийн Шинэ Орлеанд орон сууц барих ажилд гар бие оролцож байжээ.
Их сургуулийн оюутан М.Томас янз бүрийн ижил хүйстнүүдийг нийгэмд эерэг талаас нь ойлгуулахын тулд гоо бүсгүйн тэмцээнд оролцож байгаа бөгөөд “Энэ тэмцээнд оролцож байгаа маань ижил хүйстнүүдийн тэгш эрхийн талаарх ойлголтыг олон нийтэд хэвшүүлэх, залуу үедээ энэ тал дээр үлгэр жишээ үзүүлэх зорилготой юм” гэж хэвлэлийнхэнд ярьсан байна.
Энэ жилийн “Miss California” тэмцээнд 400 гаруй бүсгүй оролцож байгаа бөгөөд ялагч нь Америкийн миссийн титмийн төлөө өрсөлдөх эрхтэй болох юм.