Өнөөдрийн байдлаар ганцхан “Петровис” компани шатахууны үнээ нэмээгүй байгаа ч гуравхан хоногийн дотор нөөцөлсөн шатахуун нь дуусчээ. Харин “Сод монгол” гадна самбар дээрээ үнээ өөрчилж бичээгүй байгаа ч жолооч нарт нэмэгдсэн үнээр шатахуунаа борлуулж байна. Тиймээс жолооч нар өнөөдрөөс яах аргагүй нэмэгдсэн үнээр шатахуун авах боллоо. Газрын тосны газар болон үнээ нэмсэн шатахуун экспортлогчид долларын ханш чангарсантай үнийн өсөлтийг тайлбарлаж байгаа юм.
Компаниуд үнээ нэмэх тухайгаа өмнө нь Эрдэс баялаг, эрчим хүчний яаманд мэдэгдээд байсан. Шатахууны үнийг нэмэхээс өмнө имлортлогчид Засгийн газартай тохиролцож болох байсан талаар зарим эх сурвалж хэлсэн юм. Үүнд нь Гаалийн ерөнхий газрын даргын шийдвэр сөргөөр нөлөөлсөн бололтой. Учир нь, хилээр орж ирж буй нефтийн бүтээгдэхүүнд МҮХАҮТ-аас тогтоодог "Экспертизны акт"-ыг ГЕГ-ын даргын шийдвэрээр хүчингүй болгожээ. Энэ нь импортлогчдын хилэнг бадраасан бололтой юм. Импортлогч компаниуд гаалийн мэдүүлэгтээ "ОХУ-аас 60 мянган тонн нефтийн бүтээгдэхүүн орж ирнэ" хэмээн мэдүүлсэн байхад 58 мянган тонн болж хоёр мянган тонноор дутуу орж ирэх тохиолдол цөөнгүй гэнэ. Энэ тохиолдолд нефтийн бүтээгдэхүүн ууршдаг гэсэн утгаар МҮХАҮТ-аас "Экспертизны акт" тогтоож өгч хилээр орох эрх зүйн боломжийг нь бүрдүүлж өгдөг байжээ. Гэтэл гаалийнхан энэ актыг нь хүчингүй болгосноор импортлогчдын оруулж ирж байгаа шатахуун хил дээр саатаж, ОХУ-ын талаас нэмж бичиг баримт бүрдүүлэх зэргээр хугацаа алдах нь ихэсчээ. Төрийн мэдлийн агентлаг ийн авирлах болсон нь ч учиртай гэнэ. Учир нь, импортлогчдын гаалийн мэдүүлэг хилээр орж ирж буй бүтээгдэхүүний хэмжээ зөрж, акт тогтоолгох нь байнгын үзэгдэл болсон байна. Энэ бүхэн хуримтлагдсаар их хэмжээний мөнгөн дүнгээр илэрхийлэгдэх зөрүү гарсан байна. Хэрэв ийм их зөрүү гараагүй байсан бол улсад орох татварын хэмжээ төдий хэмжээгээр нэмэгдэх байсан гэсэн тооцоог гаальчид гаргажээ. Тиймээс гаалийнхан хяналтаа чангатгахыг хүсч МҮХАҮТ-ын "Экс- пертизны акт"-ыг хүчингүй болгожээ. Үүнд дургүйцсэн импортлогчдод ам.долларын ханш чангарсан нь ташуур өгч, дуун дээр нь үнээ нэмж Засгийн газарт дургүйцлээ илэрхийлж байгаа нь энэ гэнэ. Ямартай ч өнөөдөр шатахууны үнэ, валютын ханшийн өсөлтийн талаар Засгийн газар хуралдаж нааштай шийдвэр гаргана хэмээн импортлогч компаний эзэд найдаж байна. Цагаан сар дөхөж юмны үнэ нэмэгддэг сезоны үе эхэлж байгаа тул өрхийн дансыг дугуйлчихгүйн тулд яаралтай арга хэмжээ авахыг иргэд Засгийн газраас хүсч байна.