Дэлхийн хамгийн залуу улсын удирдагчаар тодроод байгаа Хойд Солонгосын
удирдагч Ким Чен Уны төрсөн өдрийг өчигдөр орон даяар тэмдэглэжээ. Хойд Солонгосын телевизүүдээр төрсөн өдрийг нь тохиолдуулан богино хэмжээний баримтат кино гаргасан байна.

Дэлхийн хамгийн залуу улсын удирдагчаар тодроод байгаа Хойд Солонгосын удирдагч Ким Чен Уны төрсөн өдрийг өчигдөр орон даяар тэмдэглэжээ. Түүний аавын оршуулах ёслол болоод тун удаагүй байгаа тул төрсөн өдрөө хэрхэн тэмдэглэх нь олны анхаарлыг татаад байсан юм. Өчигдөр Хойд Солонгосын телевизүүдээр төрсөн өдрийг нь тохиолдуулан богино хэмжээний баримтат кино гаргажээ. 2009 оноос өмнө тэрбээр олны өмнө гардаггүй, олон нийтийг хамарсан үйл ажиллагаанд төдийлөн оролцож байгаагүй юм. Харин энэ баримтат кинонд Ким Чен Уныг 16 наснаасаа цэргийн амьдралтай танилцаж, иргэдтэйгээ байнга уулзаж байсан, дайны үед улс орноо удирдаж чадахуйц хүн хэмээжээ. Тэрбээр цэргийн ангитай танилцаж явах зуураа “Хэрэв дайснууд бидэн рүү гал нээвэл би жинхэнэ дайныг эхлүүлэхэд бэлэн байна” гэснийг иш татан онцолсон байлаа. Уг кинонд Ким Чен Уныг “Гоц авъяатнуудын гоц нь, дайчин удирдагч” гэж тодорхойлжээ. Ажиглагчдын үзэж байгаагаар энэ нь Хойд Солонгос зэвсэглэлээр хөөцөлдөх санаанаасаа ухраагүй бөгөөд өмнөх удирдагчдын дайны бодлогыг үргэлжлүүлнэ гэдгийг тодорхой харуулж байгаа хэрэг аж. “Өмнө нь Ким Чен Уныг “айлын эрх хүүхэд” хэмээн мэр сэр нэрлэдэг байсныг өөрчлөх гэсэн бололтой” хэмээн www.globalpost.com сайт дээр бичжээ.
Ким Чен Уны төрсөн он нь тодорхой биш бөгөөд 1983 эсвэл 1984 он гэж хоёр янзаар бичсээр байдаг. Дараа жил түүний төрсөн өдрийг үндэсний баяр болгон тэмдэглэхээр зэхэж байгаа тухай орон нутгийн сонинд бичсэн байна.
Видеог энд дарж үзнэ үү. Б.Баяр