Махны үнийн өсөлтийг барих, хомсдолоос сэргийлэхийн тулд жил бүр
улсаас зохион байгуулж нөөцөлдөг нөөцийн махны энэ жилийн үнэ ханшийн
талаар ХХААХҮ-ийн сайд Т.Бадамжунай мэдээлэл хийлээ. Энэ сарын 15-нд
нийслэлийн есөн дүүргийн 310 орчим цэгээр 12 мянган тонн нөөцийн мах
худалдах юм.

Махны үнийн өсөлтийг барих, хомсдолоос сэргийлэхийн тулд жил бүр улсаас зохион байгуулж нөөцөлдөг нөөцийн махны энэ жилийн үнэ ханшийн талаар ХХААХҮ-ийн сайд Т.Бадамжунай мэдээлэл хийлээ. Энэ сарын 15-нд нийслэлийн есөн дүүргийн 310 орчим цэгээр 12 мянган тонн нөөцийн мах худалдах юм. Өнгөрсөн жил нөөцийн мах бэлтгэсэн компаниудад махны кг тутамд 500 төгрөгийн урамшуулал өгдөг байсан бол долларын ханш, шатахууны үнийн өсөлтийг харгалзан үзэж 650 төгрөг олгохоор болжээ. Жил бүр хэл ам дагуулдаг махны чанарын тухайд яамны зүгээс шаардлага хангасан маханд л урамшуулал олгох тул санаа зовох зүйлгүй, тийм тохиолдол гарвал худалдаанд гаргахгүй юм байна. Өнөөдөр махны экспортын үнэ дотоодын лангуун дээр зарагддаг үнэтэй ойролцоо байгаа тул экспортыг багасгах бодлого явуулж байгаа гэж Т.Бадамжунай сайд хэллээ.
Яамны мэдэгдэж байгаагаар өнөөдөр сагсны бараанд ордог 22 нэр төрлийн бараанаас ганцхан махны үнэ л өссөн гэв. Дэлхийн зах зээлтэй харьцуулвал Монголд махны үнэ бага байгаа аж. Нэг кг мах дунджаар Орост 12 000-25 000, Хятадад 9000-20 000, махны нийлүүлэлтээрээ тэргүүлдэг Австралид мөн 12 000-25 000 төгрөгтэй тэнцэх үнэтэй байгаа аж. Яг одоо зарим хүнсний зах дээр үхрийн ястай мах 6100, үхрийн цул мах 7800 байна. Ингэж хэд дахин нэмж, монополь байдал үүсгэж байгаа хүмүүстэй хариуцлага тооцох аж. Махны үнийг цагаан сарын үеэр дахин нэмэгдүүлэхгүй байхын тулд нөөцийн махны үзэсгэлэн худалдааг хоёрдугаар сарын эхний өдрүүдэд зохион байгуулахаар болсон байна. Одоогоор улсын хэмжээнд нийт 16 мянган тонн , Улаанбаатар хотод 12 мянган тонн мах нөөцлөөд байгаа гэнэ.
Б.Баяр