Өнгөрсөн оны сүүлээр Өвөр Монголын Хөх хотод болсон Хоёр бөхт тэмээг хамгаалж үржүүлэх олон улсын нийгэмлэгийн хуралд Монгол, Орос, Хятад, Казахстаны эрдэмтэд, фермерүүд оролцжээ. Тэдний нэг, Халимагийн мал аж ахуйн “Кировский” компанийн захирал Бадам Горяев саяхан нэгэн сонирхолтой зүйлийг Элстэйн сонины сурвалжлагчид ярьсан байна. Бадамын хамгийн түрүүнд ярьсан зүйл бол Хөх хотод болсон хурал дээр Шанхайн эрдэмтний тавьсан илтгэл байжээ. Тэр хятад эрдэмтний судалж тогтоосноор хоёр бөхт тэмээний цусан дахь чихрийн хэмжээ ямар ч нөхцөлд өөрчлөгддөггүй гэнэ. Энэ нь хүний чихрийн шижин өвчнийг эмчлэх аргыг олж нээхэд тустай байж тун болзошгүй байгаа тул Хятад улс энэ зорилгоор явуулж буй судалгаанд хоёр тэрбум доллар зарцуулаад байгаа аж.

60 жилийн түүхтэй “Кировский” компани нь таван хошуу малын ямаанаас бусдыг үржүүлдэг, Халимагийн мал аж ахуйн бизнесийн томоохон бүтэц ажээ. 35000 хонь, 1600 үхэр, 1100 адуутай энэ айл 200 шахам тэмээтэй юм. Эдний малаа адгуулдаг нутаг нь Халимагийн засаг захиргааны хамгийн том нэгжийн нэг Яшкулийн район бөгөөд тал хээр зонхилсон энэ нутгийн соргог бэлчээрийг халимаг ойрадууд эртнээс таньж адуу малаа адгуулж өсгөсөөр иржээ. Анх 1920 онд бүрэлдэхүүндээ Ач нарын, Зүүнгарын, Шавь нарын, Чилгэрийн, Эрхтэний хэмээх таван аймагтай, Их шүхэрийн улс нэртэй байгуулагдаж байсан засаг захиргааны энэ томоохон нэгж өнөөдөр Гашуун, Улаан эрэг, Хар толгой, Цагаан ус, Чилгэр, Таван гашуун, Элбэг зэрэг 13 дэд нэгжтэй (манайхаар бол сум), Халимагийн мал аж ахуйн гол район болжээ. Яшкуль гэдэг нь яавч, ямар нэг монгол үгний оросжуулсан хувилбар биз ээ.