Афганистаны цагдаа нар хэдэн сарын турш цалин аваагүй учир Талибаны дайчдад арга буюу зэвсгээ зарж байна. Тэдний зарим нь босогчдын талд нэгдсэн гэж Афганы “Khaama Press” сонинд мэдээлэв. Гажни, Логар, Майдан Вардак мужуудад цагдаагийн албан хаагчид гурван сар цалингаа аваагүй учир гэр бүлээ тэжээж чадахгүй байдалд орсон байна. Афганы Засгийн газар элдэв шалтгаан хэлж, албан хаагчдын цалинг хойшлуулсаар байгаа ажээ. Олон улсын цэргийн эвсэл цагдаа нарыг сургаж, тоног төхөөрөмжөөр хангахад олон тэрбум доллар зарцуулсан юм. НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрөөс Афган цагдаа нарын цалинг олгож байсан удаатай. Гэвч Афганы дотоод яам авилгалд идэгдэж, төсвийн мөнгийг хайхрамжгүй зарцуулсанаас цагдаа нарынхаа цалинг тавих боломжгүй болжээ.
Өнгөрсөн аравдугаар сард албан хаагчид цалингаа авахыг шаардсан тэмцэл өрнүүлж, Талибан бүлэглэлд элсэнэ хэмээн сүрдүүлж байсан юм. Афганы эрх баригчид төсвийн мөнгийг хэн буруу зарцуулсныг шалгаж байх хооронд цагдаа нар дайсныг устгах биш, харин ч дэмжиж, тэтгэсээр байх боллоо.






















































