НҮБ-ын Дүрвэгсдийн асуудал эрхэлсэн агентлаг иргэний харьяалалгүй хүмүүсийн нийгмийн асуудлыг 10 жилийн дотор шийдвэрлэх зорилт тавьжээ. Дэлхий дээр 10 сая хүн аль нэг улсын харьяалалгүй, иргэний үнэмлэх, гадаад пасспортгүй амьдарч байна гэсэн судалгаа бий. Эдгээр хүмүүс эрүүл мэнд, боловсролын үйлчилгээнд хамрагдаж чадахгүйгээс гадна сонгууль өгөх улс төрийн эрхээ эдэлдэггүй.Тэд олон шалтгааны улмаас иргэншил авч чадалгүй үлддэг. Ялангуяа дүрвэгсдийн хуаранд амьдарч буй хүүхдүүд золиос болох нь их юм. Дэлхийн 27 улсад эмэгтэйчүүдэд өөрийн төрсөн үрдээ иргэншлээ олгохыг хуулиар зөвшөөрдөггүй нь иргэний харьяалалгүй хүмүүс нэмэгдэхэд нөлөөлж байна. Энэ асуудалд хуучин Зөвлөлтийн бүрэлдэхүүнд багтаж байсан Киргизстан улс онцгой анхаарч, сүүлийн таван жилийн дотор Орос гаралтай 65000 хүнд иргэншил олгожээ.



















































