Украины Донецкт сургуулийнхаа талбайд хөлбөмбөг тоглож байсан өсвөр насны хоёр хүүхэд их бууны суманд өртөж амиа алдан дөрвөн хүүхэд шархаджээ. Их бууны сум Донецкийн нисэх онгоцны буудлын хажууд орших сургуулийг оносон байна. Сургуулийг өнгөрсөн онд Украины тэрбумтан Ринат Ахметов сэргээн засварлаж, ашиглалтад оруулсан гэнэ. Гэтэл үдийн цайныхаа дараа тоглож байсан гэмгүй хүүхдүүдийг оносон нь дэндүү эмгэнэлтэй гэж хүний эрхийг хамгаалагчид мэдэгдэв. Энэ есдүгээр сарын 5-нд салан тусгаарлагчид болон Засгийн газрын хооронд гал зогсоох гэрээ байгуулсан ч сар гаруйн хугацаанд 100 гаруй хүн нас баржээ. Украины хямрал эхэлснээс хойш нийт 4000 хүн нас барж, цус урсгасан тэмцэл үргэлжилсээр байна.





















































