Брюселль хотноо Засгийн газрын төсвийн мөнгийг танах бодлогыг эсэргүүцэж 100 гаруй мянган хүн жагсчээ. Тайван замаар эхэлсэн жагсаал эцэстээ мөргөлдөөн болж, цагдаа нар гудамжинд жагсаж буй усан онгоц, төмрийн үйлдвэрийн ажилтнууд, оюутнууд руу усан буугаар шүршчээ. Мөргөлдөөний үеэр 14 хүн гэмтэж, бэртэн эмнэлэгт хүргэгдсэн гэж эх сурвалжууд мэдээлэв. Бельгийн Засгийн газар тэтгэврийн насыг нэмж, инфляцитай уялдуулан цалин хөлсийг нэмэхээ больж, эрүүл, мэнд нийгмийн үйлчилгээний зардлыг танаснаас хойш нэг сарын дотор эмх замбараагүй байдал газар авч эхэлсэн юм. Ингэж төсвийн мөнгийг танаснаар 11 тэрбум еврог хэмнэнэ гэж тооцжээ. Энэ шийдвэр нь Үйлдвэрчний эвлэлийг жагсахад хүргэж, ажилчид цагдаагийн мотоциклд гал тавьсан ажээ. Тэмцэгчид энэ сарын 24-нөөс эхлэн 12-р сарын 25-ныг дуустал орон даяар ажил хаялт зарлахаар шийдсэн байна.























































